Заяаныхаа ханийг олсоноо зарлаж, гэрлэхээ мэдэгдсэн МАН,МАХН хоёрын амьдрал нэг өдрийн настай байсан гэдгээ харууллаа. Их л дуулиантайгаар нэг гэрт толгой холбож амьдралаа авч явах хоёр тэргүүнээ хүртэл сонгоод амжсан тус хоёрын амьдралын зам ийм богинохон настай байсан гэдийг яахан мэдэх вэ? Тэртээ 6 жилийн өмнөөс л тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбож байсан хоёр нам ахин амьдралаа үргэлжлүүлж хуучнаа сэргээж байгаагаа сүр дуулиантайгаар мэдэгдсэн ч 24 цаг хүрэлгүй сэтгэл нь хувирч өөр тийшээ саамагнасан нь Монголын төр хөнгөн хийсвэр зантайг илтгээд амжлаа.
Хос хоёрын нэг болох МАН салах болсон шалтгаанаа МАХН тохирсон шийдвэрээсээ гэнэтхэн ухарсанаас гэж тайлбарлаж байна. “Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоог харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна. Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжиж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий гэж тайлбарласан.
Энэ талаар УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-хан тохирсноосоо буцаж Манайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” гэж гомдлын үг тунирхалын харцаа чулуудсан.
Харин МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга байр сууриа илэрхийлэхдээ: “Хэлсэн ярьснаасаа буцсан асуудал байхгүй гэдгийг хэлье. Харин МАН дээр үүсч байгаа асуудлууд дээр бол аливаа эвслийн ч байна уу гэрээг маш нухацтай авч үзэж сайн хийх ёстой” гэсэн өөрсдийгөө хаацайлсан тайлбар төдийхөн зүйл ярьсан.
Ийнхүү бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яарч ханилсан хоёр явцгүй болохоо харууллаа. . Өмнөх дөрвөн жилийн хугацаанд АН-ын боол болж үүдэнд суусан МАН-ын тэргүүнд залрах их хүсэл бүтэлгүйтлээ. МАХН сэтгэлээ буруулсан нь сөрөг хүчин болох АН-аас хатгаа байсаныг ч үгүйсгэхгүй. Улс төрийн акул болох Н.Энхбаяр намын хуралдаа суух гэж Солонгосоос яаран ирсэн нь өөрийгөө ямар ч гэм буруугүй гэдгээ хуулиар хүлээн зөвшөөрүүлэхээр МАН-тай эвсэх гэсэн ч энэ саналыг нь хүлээж аваагүйгээгээс МАХН болзооноосоо буцлаа гэсэн бор шувуу ч олны дунд жиргэсээр. Ямартай ч МАН амьдралаа босгож чадаагүйд нууц амраг болох АН алга ташин гүйж буй сурагтай.