8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Эммануэл Макроны манай улсад хийх айлчлалын төлөвлөгөөг Францын хэвлэлүүд мэдээлжээ

2023-05-18 11:22:00

Франц улсын ерөнхийлөгч түүхэндээ анх удаа Монгол улсад айлчлан ирэх гэж буйтай холбоотойгоор тус улсын хэвлэлүүд өчигдөр ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын төлөвлөгөөг мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Баасан гарагаас Ням гараг хүртэл Япон улсын Хирошима хотод Их Долоогийн бүлгийн дээд чуулганд оролцсоныхоо дараа ноён Макрон манай улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирэх юм байна.

Ням гарагт Хирошимад сүүлчийн хэвлэлийн хуралд оролцсоныхоо дараа тэр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх ба орой нь ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хүндэтгэлийн зоог барих гэнэ.

Даваа гарагт албан ёсны яриа хэлэлцээнд оролцсоныхоо дараа Францын ерөнхийлөгч Чингис хааны музейг үзэж сонирхохоор болжээ. Уг музей зарим үзмэрүүдээ энэ оны аравдугаар сард Францын баруун хэсэгт орших Нантын түүхийн музейд нээгдэх үзэсгэлэнд зээлдүүлэхээр төлөвлөсөн юм байна.

Эммануэл Макрон тухайн өдрийнхөө орой Парис руу буцахаар болжээ.

Францын ерөнхийлөгч Монголын удирдлагуудтай “геостратегийн чухал асуудал” хэлэлцэх тухай Элисейн ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тухайлбал ОХУ-ын хөршүүдийн хараат байдлыг сулруулж, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөх Парисын гадаад бодлогын нэг хэсэг Монгол улсад хийх айлчлал байхыг үүнд дурджээ.

“Цахилгаан эрчим хүчнийх нь 90 хувь нүүрснээс хамааралтай байдаг, эдийн засгаа нүүрснээс ангижруулахад тулгарч буй бэрхшээл зэргийг хамтын ажиллагааны том боломж гэж Францын тал харж байгаа” тухай Элисейн ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мөн Ази тивд Хятад улсын нөлөөг хязгаарлах АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын бодлогын хүрээнд энэхүү айлчлал хэрэгжих гэж байгааг дурджээ.

 

Эх сурвалж: AFP

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment