8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдэд зориулсан машины суудал ашигладаггүй шалтгаанаа дийлэнх иргэд "Хүүхэд суух дургүй" гэжээ

2023-05-18 12:47:00

Автомашинаар хүүхдийг аюулгүй тээвэрлэж байгаа эсэх судалгааг Тээврийн цагдаагийн албаныхан "Боса ХХК"-ны Луужин судалгааны багтай хамтран гуравдугаар сард хийжээ. 

Энэ хүрээнд нийт 3,250 эцэг эх, асран хамгаалагчийг судалгаанд хамруулсан байна. Нийт оролцогчдын 66 хувь буюу 1,730 эцэг эх, асран хамгаалагч өдөр бүр хүүхдээ автомашинаар сургууль, цэцэрлэгт хүргэдэг гэжээ.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар зам, тээврийн 182 ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо хүүхэд амиа алджээ. 

Гэмтэж бэртсэн 196 хүүхдийн 113 нь нийслэлд, 83 нь орон нутагт  бүртгэгдсэн бол амиа алдсан долоон хүүхдийн нэг нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт бүргэгдсэн байна.

Судалгааны үр дүнгээс танилцуулбал: 

Эцэг эхчүүдийн 52 хувь нь хөдлөхөөсөө өмнө машинаа тойрч орчныг шалгадаг аж. Мөн нийт оролцогчдын 72 хувь нь хүүхдээ бууж суухад тусалсны дараа хөдөлгөөнд оролцдог гэж хариулжээ.

Түүнчлэн 51 хувь хүүхдээ автомашиныхаа арын суудалд суулгадаг бөгөөд ингэхдээ 37 хувь нь машины хойд суудлын баруун талд хүүхдээ суулган хөдөлгөөнд оролцдог байна.

Хүүхдээ зориулалтын суудалд суулган замын хөдөлгөөнд оролцдог эсэхийг тодруулахад, нийт эцэг эхчүүдийн 50 хувь нь ашигладаг гэсэн бол аюулгүйн бүсийг "хаяа бүслүүлдэг" гэж 49 хувь нь хариулсан байжээ. 

Хүүхдийн хамгаалалтын суудлыг ашигладаггүй шалтгааныг "хүүхэд суух дургүй" гэж хамгийн олон оролцогч тэмдэглэсэн байна. 

Санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн дийлэнх хувь буюу 41 хувь нь зам тээврийн ослоос болж хүүхэд гэмтэх тохиолдол буурахгүй байгаа шалтгааныг "Хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох”-оос болдог гэж үзжээ.

Уг судалгаанаас авч үзэхэд хүүхэд тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарын дийлэнх хувь нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж чаддаггүй болохыг харуулж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment