Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр Итали улсын Эмилиа-Романиа мужийн нутаг дэвсгэрт үерийн улмаас 9 хүн амиа алдаж, сураггүй болсон цөөн тооны хүнийг эрэн хайх аврах ажил үргэлжилж байна. Амь насаа аврахын тулд барилга байшингийн дээвэр дээр гацсан иргэдийг нисдэг тэргээр аварч байна. Одоогийн байдлаар үерт өртсөн бүс нутгаас 13,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр Эмилиа-Романиа мужийн 23 хот, тосгон үерт автаж, 14 гол мөрөн савнаасаа хальж үерлээд байна. Форли хотод гурван хүн, Чесенат хотод үерийн улмаас үүссэн хөрсний гулсалтад нэг хүн, Ронта ди Чесена тосгонд дөнгөж гэрлээд байсан хос байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан байна. Мөн Болоньягаас 3,000, Фаэнзагаас 5,000, Равеннагаас 5,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус мужид энэ амралтын өдрүүдэд F1 Гран При уралдаан эхлэхээр товлогдсон байсан ч гамшгийн нөхцөл байдлын улмаас уралдааныг цуцлахаас өөр аргагүй болсон байна. Орон нутгийн эрх баригчид болн уралдааныг зохион байгуулагчид хамтран уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.
Итали даяар 600 гал сөнөөгч нүүлгэн шилжүүлэлтэд тусалж байна. Мөн сайн дурынхан аврагчид болоод онцгой байдлын ажилчдад туслахаар иржээ. Италийн хойд нутагт өнгөрсөн саруудад ган гачиг тохиож онцгой байдал үүсээд байсан бол энэ сард үерт өртсөн нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.