8o
Улаанбаатар хот
mobile menu

Мафийн толгойлогчийн хүүг тосгоноос хөөжээ

2023-05-12 11:11:00

Италийн Сицили арал дээрх Корлеоне тосгон нэр хүндээ сэргээхийн тулд мафийн цуутай толгойлогч Тото Ринагийн хүү Салвучиог хөөх шийдвэр гаргажээ. Тус тосгон өмнө нь мафийн толгойлогчид байрлаж, гол бэхлэлтээ босгож байснаараа алдартай.

Хэрэв 46 настай Жузеппе Сальватор Рина буюу Салвучиог тосгоноос явуулчихвал Корлеоне тосгон мафийн оромж гэж хэлэгдэхээ больж, нэр хүнд нь сэргэнэ гэж хотынхон үзсэн байна. Салвучио дээрэм тонуул, хууль бусаар мөнгө угаасан, мафийн сүлжээнд нэгдсэн зэрэг хэргүүдээр есөн жилийн хорих ял эдлэн суллагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сард төрөлх тосгон Корлеонедоо эргэн ирэх хүртлээ Италийн хойд хэсэгт амьдарч байжээ. Тэр 2016 онд “Ринагийн гэр бүлийн амьдрал” нэртэй номоо хэвлүүлсэн ч номын дэлгүүрүүд уг номыг худалдахаас татгалзаж байв.

Салвучио Сицилийн мафийн толгойлогчдын удирдагч Сальватор Тото Рина буюу “Нударга” хочтын гурав дахь хүү ажээ. Тото Рина 2017 онд хорих газарт нас барсан юм. Түүний хүүг хорих газраас суллагдаж ирсний дараа “Загалмайлсан эцэг” зохиолд гардаг домогт тосгоны удирдах зөвлөл хөөх эсэх асуудлыг хөндөж санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар тосгоны зөвлөл Салвучиог эцгийнхээ адил гэмт хэргээс үл зугтаж чадах ба хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн тул хөөхөөр шийджээ.

Корлеоне хотын зөвлөл шийдвэрээ хууль сахиулагчдад хүргүүлсэн бөгөөд Салвучиог хөөх эсэх эцсийн шийдвэрийг Сицилийн нийслэл Палермогийн шүүгчид гаргана. Корлеонегийн хамгийн хүчирхэг мафийн гэр бүлийн толгойлогч Тото Рина дөрвөн хүүхэдтэй бөгөөд хүү Жиованнигаа ердөө 19 настай байхад нь хүний аминд хүрэх ажил даалгаснаар 1996 онд бүх насаараа хоригдох ял сонсчээ. Охин нь болох Люсиа 2019 онд Парис хотод Корлеоне нэртэй зоогийн газар нээсэн ч жилийн дараа хаагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment