Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тавдугаар сарын 9-нийг Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт өчигдөр гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичгийг тэрээр өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Тэрээр "Би Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн жил бүр бид нацизмыг устгасан бүх европчуудын түүхэн эв нэгдэл, рашизмыг ялах эв нэгдэл, энх тайвныг ойртуулах эв нэгдлээ тэмдэглэх болно" гэжээ. Мөн тэрээр тавдугаар сарын 8-ныг "Дурсан санах, нацизмыг ялсан өдөр" болгон тэмдэглэх тухай хуулийн төслийг өргөн бариад байна.
Өмнөх хугацаанд Украинчууд тавдугаар сарын 9-нийг "Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсны баяр", харин тавдугаар сарын 8-нд "Дурсамж, эвлэрлийн өдөр"-ийг тэмдэглэж ирсэн юм. Харин 2015 оноос хойш "Дурсамж, эвлэрлийн өдөр"-ийг Украинд бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Түүнчлэн Украинд Европын өдрийг тавдугаар сарын гурав дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байв.