Даваа гарагт Парис хотноо “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол боллоо. Аргентин улсын хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарсан байна. Тэрээр “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг баг”-ийн шагналыг нэг дор хүртсэн анхны тамирчин болжээ. Лионель Месси өнгөрсөн онд Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийг ахлан 2018 оны аварга Францын шигшээ багийг торгуулийн цохилтоор илүүрхэж, аваргын цом хүртсэн билээ.
Тус наадмын “Оны шилдэг баг”-аар Аргентины шигшээ баг шалгарсан бол “Оны шилдэг эргэн ирэлт” шагналын эзнээр “Манчестер Юнайтед” клубийн тамирчин Кристиан Эриксен тодорчээ. Данийн хөлбөмбөгч К.Эриксен тухайд 2021 онд зохион байгуулагдсан “Евро-2020” тэмцээний үеэр зүрх нь зогсож, улмаар хэдэн сарын турш талбайд гараагүй ч өнгөрсөн оны нэгдүгээр сард “Брентфорд” клубтэй хамтын гэрээ байгуулсан юм. Мөн “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-аар Ямайкийн хөнгөн атлетикч Шелли-Энн Фрейзер-Прайс тодорсон байна.