ОХУ-ын Су-34 бөмбөгдөгч онгоц Белгород хотын дээгүүр нислэг үйлдэж байхдаа санамсаргүйгээр тээвэрлэж явсан бөмбөгөө унагасан байна.
Үүний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, хотын төвийн уулзвар дээр 20 метрийн хэмжээтэй том гүнзгий нүх үүсжээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:15 цагт болсон дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй гэмтэл авч, ойролцоох орон сууц, машин, дэлгүүрүүдийн барилгад эвдрэл үүссэн байна. Дэлбэрэлтэд өртсөн барилгын оршин суугчдыг ойролцоох зочид буудалд нүүлгэн шилжүүлжээ.
Суурин газарт цэргийн зэвсэг унагасан хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. ОХУ-ын 370 мянга орчим хүн амтай Белгород хот нь Украины хилээс ойролцоогоор 40 км-ийн зайд оршдог. Оросын сөнөөгч онгоцууд Украин руу нисэхдээ тус хотын дээгүүр тогтмол дамжин өнгөрдөг байна.