Өчигдөр Тусгаар тогтнолын танхимд МАН бага хурлаа хийж, МАХН-тай эвсэх асуудалаа хэлэлцэж нэг талд нь багтаалаа. Хоёр нам эвсэж МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ
Энэ удаагийн сонгуулийн өнгө М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын гарт шилжчихлээ. Улс төр ба улс төрд эргэн ирсэн Н.Энхбаяр түүний тоглоомын дүрмийн дагуу ажиллахаас өөр гарцгүй болов. Эргээд хэзээ ч уулзахгүй юм шигээр МАН, МАХН хоёр яг зургаан жилийн өмнө салж байлаа. Тэр үед нэг нам байгаагүй мэтээр бие биесээ элдвээр хэлж, МАН, МАХН гэсэн хил татан, өрх тусгаарлаж байсан цаг саяхан. Атгасан гар шиг байж, 90 гаруй жил Монголын төрд эзэн суусан МАХН-ынхан нэрээ сольж, МАН, МАХН болон хуваагдаж, улс төрд толгой, түрий нь мэдэгдэхгүй хэрүүл буцлаж байсан нь саяхан. Тэд МАХН нэрээ МАН болгож, дээд шүүхэд бүртгүүлэн 001 тоот гэрчилгээ авсан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарт шалбаагаараа дуудуулчихаад нийлж нэгдэнэ гэдэг МАХН-ын удирдлагад таатай санагдаагүй нь мэдээж. Гэхдээ энэ бүхнийг тэвчин эргэн нийлж байгаагаа зарлав. Намын гишүүд нийлэх байсан юм бол салах хэрэг юу байна, хуучнаа сэргээх байсан юм бол шинэчлэгдэх хэрэг юу байна хэмээн ихэд бухимдалтай хүлээж авлаа. Харин нөгөө талд АН-ын ҮЗХ-ны хурал их эвлэрэлийг эрэлхийлж дотоод зөрчлийн галаа унтраах зорилготой ч үндсэн зорилгодоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.Тэд асуудлаа хэрхэн ярилцаж, яаж шийдвэрлэхээс бүх юм тодорхой болно. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас ямар шийд гарахаас АН-ын сонгуулийн өнгө тодорхой болно гэсэн үг. Нөгөө талд бие биенийхээ гаргаас атгасан МАН, МАХН-ын эвсэлийн талаар хэн юу хэлэв.