8o
Улаанбаатар хот
mobile menu

Суданы хоёр генерал эрх мэдлийн төлөө тулалдаж эхэлжээ

2023-04-17 13:52:00

Бямба гарагийн өглөөнөөс эхлэн Суданы нийслэл Хартум хотод тус улсын хоёр том генерал эрх мэдлийн төлөө хоорондоо тулалдаж байна.

Дорнод Африкийн Судан улсад 30 жил тогтсон ерөнхийлөгч Омар аль Баширийн дэглэм 2019 онд нуран унасан юм.

Дэглэмийг нураахад иргэд болон зэвсэгт хүчнийхэн гол үүрэг гүйцэтгэсэн ч эцэстээ цэргийнхэн эрх мэдлийг авч байлаа.

Үүний дараа иргэд ардчилсан засаглалд шилжихийг шаардан тэмцсэний үр дүнд 2021 оны аравдугаар сард цэрэг-иргэний хамтарсан засгийн газар байгуулагдсан юм.

Тэр үеэс хойш Суданы цэргийн хамгийн том хоёр генералын хооронд зөрчил эхэлжээ.

Сөргөлдөгч талуудын нэг нь Суданы зэвсэгт хүчний командлагч, генерал Абдел Фаттах аль Бурхан, нөгөө нь түүний орлогч, Шуурхай Туслах Хүчний командлагч, генерал Мохамед Хамдан Дагало юм.

Судан улс иргэний засаглалд шилжихэд Шуурхай Туслах Хүчний 100,000 орчим бие бүрэлдэхүүнийг албан ёсны зэвсэгт хүчинд нэгтгэхээр төлөвлөсөн нь зөрчлийн үндэс болжээ.

Шуурхай Туслах Хүчнийг 2013 онд тус улсын Дарфур мужийн босогчдыг дарахаар байгуулсан бөгөөд уг гарал нь орон нутгийн албан бус зэвсэгт бүлэглэлүүд юм.

Тэр үеэс хойш генерал Дагало үүнийгээ улам хүчирхэгжүүлж, хөрш Йемен, Ливийн нутагт болж буй мөргөлдөөнүүдэд хүртэл оролцох болжээ.

Үүнээс гадна Суданы зарим алтны уурхайнуудыг хянах болсон байна.

Гэвч Суданы албан ёсны зэвсэгт хүчний гадна өөр ийм хүчирхэг цэргийн байгууллага байх нь тогтворгүй байдлын үндэс болж байлаа.

Бямба гарагаас эхлэн хоёр генералын цэргүүд нийслэл Хартум хотын стратегийн гол байгууламжуудыг хяналтдаа авахаар ширүүн тулалдаж байна.

Хэрвээ мөргөлдөөн даамжирвал Судан улс задрах, иргэний цуст дайн болж өргөжих магадлалтай болоод байна.

 

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment