“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 8,228 нь яг одоо боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.
- СӨБ-ын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн 1,930 хүүхэд байгаагаас 1,498 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
- ЕБС-ийн түвшинд 9,500 хүүхдийн бүртгэл байгаагаас 5,653 нь сургуульд сурч байгаа юм.
- Дээд боловсролын үйлчилгээнд 414 хүүхэд хамрагдаж байна.
Эндээс анхаарах зүйл байна. Бид боловсролын насыг 0-2, 2-5, 6-18 нас гэж ангилж үздэг. Гэтэл Үндэсний Статистикийн Хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо бүртгэлийг хийхдээ 0-4, 5-9 гэж авдаг юм байна. Тийм учраас статистикийн бүртгэлийн маягт болон БШУЯ-ны маягт зөрж байна. Тиймээс энэ насыг нэгдсэн нэг маягтаар явах шаардлага үүссэн" гэлээ.
Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3,817 хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. 2-18 насны хүүхдүүдийн 36 хувь нь боловсролын үйлчилгээний гадна үлдээд байгаа юм.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 64 хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа ч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг сэтгэл хангалуун авч чадахгүй байна.
Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтуудаа зөв болгож, сэтгэлгээгээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай" гэсэн юм.
Манай улсын нийт сургууль, цэцэрлэгийн 65 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч, боловсролд хамруулж байна гэх статистик бий. Харамсалтай нь өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцаж байгаа цэцэрлэг, сургуулиуд нь тусгай орчныг бүрдүүлж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 700 гаруй сургуулиас 101 сургууль л гарц, орцоо янзалсан байна хэмээн сайд Л.Энх-Амгалан нэмж хэллээ.