БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины дайныг зогсооход Владимир Путинд нөлөө үзүүлэхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд уриалжээ. Хариуд нь Ши Жиньпин дайтагч талуудыг аль болох хурдан энхийн хэлэлцээрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины дайнд цөмийн зэвсэг ашиглагдах ёсгүй гэсэн хамтын байр сууриа илэрхийлжээ.
Эммануэль Макрон мягмар гарагт айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен түүний айлчлалд нэгдэж лхагва гарагт мөн Бээжинд хүрэлцэн ирсэн. Урсула өчигдөр урд хөршид хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв БНХАУ ОХУ-д зэвсэг нийлүүлбэл энэ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж Европын холбоо болон Хятадын харилцаанд томоохон хагарал үүсгэнэ" гэдгийг анхааруулжээ.
Өчигдөр Макрон Ши Жиньпинтэй хаалттай уулзалт хийснийхээ дараа Бээжинд болсон цэргийн парадыг үзэж сонирхсон байна. Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүнүүд Гуанжоу хотод очих юм байна.