ОХУ-д дайныг эсэргүүцсэн зураг зурсан зургаадугаар ангийн сурагч охины аавд хоёр жилийн хорих ял оноожээ. Тула мужийн Ефремов хотын дүүргийн шүүхийн энэ шийдвэр гарсны дараа 13 настай охины аав Алексей Москалев гэрийн хорионоосоо зугтсан байна. Зургаадугаар ангид суралцдаг Маша охин өнгөрсөн онд дүрслэх урлагийн хичээл дээрээ Украиныг дэмжсэн агуулгатай дайныг эсэргүүцсэн зураг зуржээ. Зургийн талаар багш нь сургуулийн захиралд мэдэгдэхэд, захирал нь цагдаа дуудсан байна. Үүний дараа аавыг нь түр саатуулж, охиныг хүүхэд хамгаалах байгууллагад шилжүүлжээ. Маша охиныг аав нь ганцаараа өсгөдөг аж.
54 настай Алексей Москалевийг Оросын армийг гутаасан хэрэгт буруутган өнгөрсөн оны 4-р сарын 25-нд 32 мянган рублиэр торгож байжээ. Гэхдээ энэ нь охиных нь зурсан зурагтай холбоогүй бөгөөд Оросын “Одноклассники” нийгмийн сүлжээнд нийтэлсэн зүйлтэй нь холбоотой аж. 12 дугаар сард үүнтэй ижил төстэй зүйл ангиар түүний эсрэг дахин хэрэг үүсгэсэн байна. Харин шүүх хурал дээр Москалев нийгмийн сүлжээнд өөрөө юу ч оруулаагүй, хаягийг нь хакердсан байх хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн түүнийг хүүхдээ буруу хүмүүжүүлсэнд буруутгаж, гадны агент гэж үзсэн байна. Ирэх сарын 4-нд Москалевын эцэг байх эрхийг хязгаарлах асуудлыг шүүхээр хэлэлцэх ёстой байжээ. Гэвч өчигдөр болсон шүүх хурлаар охиныг нь улсын асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.