Бүх яамдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөл байгуулагдаад зургаан жилийн нүүрийг үзэх гэж байна. Тус зөвлөл өчигдөр хуралдаж өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажил болоод түүний бодит үр дүн, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэж, гишүүдийн саналыг үндэслэн төлөвлөгөөний төслийг баталжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих, нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт болон ажлын байрны дадлагажуулагчийн удирдамжийн хэрэгжилтийг танилцуулсан байна.
Энэ удаагийн хуралдаанаар салбар агентлаг, харьяа байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн зарим ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, иргэдэд бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг ил тод мэдээлдэг байхад анхаарч ажиллах чиглэл гаргажээ.
Дэд зөвлөлийг төрийн нарийн бичиг ахалж, бүрэлдэхүүнд нь тус салбарын харьяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл багтдаг.