Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
---------------------------------------------------------
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлтийн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгосноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөрийн бодит үнэлэмж алдагдсанаас иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, амьжиргаа нь эрс доройтсоор байна.
Монголчуудын дундаж цалин 1 сая төгрөг байна. Төрийн албан хаагчдын цалин хөлс гэхэд ялгавартай нэмэгдсэн.
Тухайлбал, өндөр албан тушаалтан 200-300 мянган төгрөгөөр, цэцэрлэгийн тогооч, харуулч, манаачын цалин 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс энэ асуудлыг дахин авч үзэх шаардлагатай эс бөгөөс дараагийн шатны арга хэмжээг бид авна.
Ерөнхийдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 7 ам.доллар байх жишээний. Тиймдээ ч хөдөлмөр эрхлэх насныхан гадагшаа явж хар ажил хийж байна. Ажил хийх хүн олдохгүй байгаагаа халамж хавтгайрсантай холбож бас болохгүй.
Гурван ам бүлтэй айл сард 1.6 сая төгрөгтэй байж л наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг хангаж чадна гэсэн үг.
Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж тусгасан. Үнэ, инфляцыг үнэхээр барьж чадахгүй байгаа бол ард иргэдийн бодит орлогод нэмэр болохуйцаар цалинг нэмэх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэх, татварыг бууруулах, НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх, ХАОАТ-ыг шатлалтай бууруулвал яасан юм бэ.