БНХАУ-ын технологийн салбарын тэрбумтан Бао Фан сураггүй алга болоод 10 хоног өнгөрлөө. Тэрээр Ши Жиньпин даргын авлигын эсрэг ажиллагааны үеэр сураггүй болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байсан юм.
Хятадын Renaissance Holdings нь тус группийн үүсгэн байгуулагч төдийгүй захирал Бао Фантай холбоо тогтоож чадахгүй байгаа тухай анх мэдээлсэн ч мөрдөн байцаалттай холбоотой мэдээлэл ирүүлээгүй байсан юм. Тэгвэл төлөөлөн удирдах зөвлөл ням гарагт өгсөн мэдээлэлдээ тэрбумтныг эрх баригчдын мөрдөн байцаах ажилд тусалж байгаа ба группийн үйл ажиллагаа, бизнес хэвийн үргэлжилж байгаа гэжээ.
Reuters агентлаг Баог түүний хамтрагч төдийгүй Renaissance Holdings группийн Ерөнхийлөгч байсан Конг Линий хэргийг мөрдөн шалгах ажилд туслуулахаар эрх баригчид авч явсан хэмээн мэдээлж байсан юм. Баотай холбоо тогтоож чадахгүй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдэгдсэний дараа компанийн хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр огцом унасан.
Бао Фан нь Хятадын технологийн салбарт танигдсан эрхэм бөгөөд дотоодын интернэт стартап компаниудыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Хятадын дарга Ши Жиньпин авлигын эсрэг ажиллагаа явуулж эхлэх үед томоохон корпорацуудын гүйцэтгэх захирлууд сураггүй болдог нь ховор үзэгдэл биш аж. Тухайлбал 2015 онд нөлөө бүхий таван гүйцэтгэх захирал холбоо тогтоох боломжгүй сураг ажиг тасарч байжээ.