Өнгөрсөн хугацаанд тэрбум, их наядаар төрийг тоносон тонуулчдын дуулиан тасрахгүй улам бүр гаарсаар буй нь төрд хулгай, авлига хэрээс хэтэрсэнийг харуулж байна. Ард түмэн хулгайн асуудлуудыг эсэргүүцэн оны өмнөхөн Сүхбаатарын талбайд олон өдрийн турш жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч хулгайн хэрэг ар араасаа гарсаар байна.
Олон зуун жилийн Манжийн дарлал болоод Хөрөнгөтний нийгмийг алгассаны гороор хувийн өмчтэй, суурь хөрөнгөтэй хүн Монголд байхгүй. Үүнээс болж өсөхийн өлөнд нэрвэгдэж, шунал хүслээ дарж чадахгүй нийтлэг дутагдалтайгаас болж хулгай гаарч байна Тиймээс ТӨР өмчгүй байх ёстой юм. Өмчгүй болсон төрийн эрх баригчид зөвхөн сайн менежер байх ёстой. Өмчгүй ТӨР рүү хэн ч нэр дэвших гэж улайран зүтгэхээ болино,хулгай хийхээ ч болино.
Улстөрийн аль ч хүчин, ямар ч улстөрч төрийн эрх барьсан бай төрөөс хулгай хийсэн хулгайч нартай хатуу тэмцэн хариуцлага тооцож, төрөөс хулгай хийх, авилага авхын тулд ажилладаг хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ татвар төлөгчид, ялангуяа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон татвар төлөгч, дотоодын хөрөнгө оруулагчдаараа оролддоггүй байж улсын хөгжлийг хурдасгах зайлшгүй шаардлагатай байна.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан хэрэгжүүлж уг бодлогодоо төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол улсын хөгжлийг хурдасгахаар тусгасан. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Миний хувьд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийх шаардлагагүй гэж үздэг. Төр хувийн хэвшил хоёр нягт ойлголцож, хамтран ажиллах замаар л хөгжилд хүрэх боломжтой. Төр хаадаг боодог, бизнесийнхэн бүх ачаагаа үүрдэг гэсэн уламжлалт сэтгэлгээнээс салж төр бизнест үзүүлдэг олон төрлийн саад тээг, хүнд суртлаа багасгана. Энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитойгоор гүйцэтгэх зорилгоор төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тухай ЗГХЭГ-аас тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраар батлууллаа гэсэн. Энэ үгийг олон бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн талархалтайгаар хүлээн авсан.
Гэвч бодит байдал дээр төр хувийн хэвшлээ дэмжихгүйгээр үл барам, хувийн хэвшлийг төр булаасан үйл явдал болсон. Улсад чухал шаардлага бүхий үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ бол Хөтөлийн цемент,шохойн үйлдвэр юм. Засгийн газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан 2015 оны шийдвэрийг хүчингүй болгон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг тойрсон маргаан, шүүмжлэл хэлэлцүүлэг нийгэмд өрнөн, үйлдвэрийн ажилчид болон өмгөөлөгчид түр захирал болон Засгийн газрын өмч хувьчлалыг төрд шилжүүлэх шийдвэрийг хүлээн авч чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Өмнө төрийн өмчид байхдаа нойтон аргын үйлдвэртэй байсан бөгөөд энэ үйлдвэр нь ажиллахгүй,дампуурсан байсан ба тэр үйлдвэрийг одоо ашигладаггүй, ашиглах ч боломжгүй. Нойтон арга нь дэлхийд хоцрогдсон технологи юм. Тиймээс концессийн гэрээгээр үүрэг хүлээн авсан хувийн хэвшил нь шинээр хуурай аргын үйлдвэрийг дэргэд нь босгож бүтээсэн. Ингэхдээ авто зам болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан байдаг. Ингээд бүтээн байгуулалтын ажил дуусч үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР өмчөө буцааж аван шинэ удирдлага томилсон.
Төрөөс томилсон захирал Л.Наранбаатар нь үйлдвэр анх удаа ашигтай ажиллалаа гэсэн мэдэгдлийг хийж байгаа ч энэ бүх бүтээн байгуулалтыг бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн мэдэгдэж буй нь бодит байдалд нийцэхгүй увайгүй явдал юм. Мөн тэрээр ажилд томилогдсон цагаасаа “өр төллөө, шуудайтай боллоо, цалингаа тавилаа” хэмээн попорч байснаас бусдаар үйлдвэр нь ямар нөхцөл байдалд байгаа талаар гарч ирээд нэг ч үг цухуйлгаж байсангүй. Өнгөрсөн намар Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд Хөтөлийн “Цемент шохой” ХК цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн ч нийлүүлэлтээ хийж чадахгүй томоохон асуудал үүсч байсан.Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэнийг засахгүй удаж байгаа нь шинэ удирдлага нь үйлдвэрийн нөхцөл байдалтайгаа танилцдаггүй, ажилдаа сэтгэд гаргадаггүй нь харагдаж байна. Эх сурвалжуудын мэдээллээр “Тус үйлдвэрийн үйл ажиллагаа яг ч зогсчихоогүй,дөнгөн данган ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагаа засвар үйлчилгээний ажил хийж байгаа” хэмээн ажилчдадаа тайлбарлан өдөр хоногийг аргацааж байгаа аж. Мөн дарга нь алдаг оног ажилдаа ирж байгаа гэх сураг ч байна.
Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн бусад үйлдвэрүүдтэйгээ бодлогын түвшинд харилцан уялдаж ажилладаггүй, хувийн бодлогогүй пиар тоглолтынх нь уршгаар цементийн салбар бүхлээрээ дампуурах эрсдэлд ороод байна. Адаглаад л боловсон хүчний нөөц, чадавхжсан мэргэжилтэнг МАК, Монполимет зэрэг хувийн хэвшлүүд нь ХӨТӨЛөөс авдаг байсан бол өдгөө ХӨТӨЛ өөрөө мэргэжилтэнгүй болж, ажиллах хүчний дутагдалд орсон байна. Цемент шохойн мэргэжилтэнг сургуульд бэлтгэдэггүй ХӨТӨЛд бэлтгэдэг байсан нь гашуун үнэн юм. Ийм байхад Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт мэргэжилтэн, ажилтан авна гэсэн ажлын зар явуулж байгаа нь энэ үйлдвэр албан бусаар зогсчихсон байгааг харуулж буй хэрэг бусуу.
Төр хамгийн муу менежер гэдгийг нотлох мэт хувийн хэвшилд байхдаа хэвийн ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн мэдэлд очоод ийнхүү хаалгаа барихад хүрсэн үү гэдэг нь олны анхаарлыг татаж байна.