УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татан шалгаж буй.
Сануулахад, Түүнийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулж, улмаар прокурорын байгууллагаас цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч шүүх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан хэмээн мэдээлсэн. Харин шүүхээс анхнаасаа баривчлаагүй байсан. 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан гэх тайлбарыг өгсөн.