Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Мэдээлэл лавлагаа, олон нийттэй харилцах хэлтсээс хэрэглэгчдэд тулгардаг нийтлэг асуудлаар тодруулга авлаа.
УБЦТС ТӨХК нь нийт хэдэн мянган өрхөд цахилгаан түгээж байна вэ?
УБЦТС ТӨХК нь 2022 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 438.620 хэрэглэгчийг эрчим хүчээр хангаж байна.
Цахилгааны төлбөрөө хугацаанд нь хийхгүй байх тохиолдол хэр их гардаг вэ? Иргэд цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд цахилгааныг нь таслах учиртай. Гэтэл таслахаа болчихсон гэх яриа гарч байна.
Цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31 хүртэл Эрчим хүчний үнийг төрөөс хариуцан төлж байсантай холбоотой энэ хугацаанд түдгэлзүүлэлд хийгээгүй.
Тоолуурын заалт бичилт хийсэн өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хэрэглэгч төлбөр төлөх ёстой байдаг. Манай компанийн зүгээс гэрээнд бүртгэлтэй утсанд төлбөрийн мэдээлэл явуулдаг бөгөөд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хэрэглээг түдгэлзүүлэх талаар мэдэгдэл хүргүүлдэг. Мэдэгдэл өгснөөс хойш төлбөр төлөгдөөгүй бол Эрчим хүчний тухай хуулийн 32-р зүйлийн 32.2.1 “Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу түдгэлзүүлэлд хийдэг.
Гэрээрээ лагерт гарсан, хөдөө явсан тохиолдолд цахилгааны төлбөр өндөр гарчихдаг тохиолдол бий. Эзэнгүй айлын цахилгааны төлбөрийг яаж боддог вэ?
Эрчим хүчний тухай хуулийн 30.1.4. “хэрэглэгч эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах” үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ нь хангагч байгууллагын ажилтан /тоолуурын заалт тэмдэглэгч/ тоолуураас заалт авахад саадгүй байх ёстой гэсэн үг юм. Гэтэл зарим айлуудын тоолуур нь гэр дотроо, хашаандаа байдаг. Бид сард 1 удаа тодорхой хугацаанд айлуудаа тойрч заалтаа авдаг. Гэртээ болон хашаандаа тоолууртай цоожтой, эзэнгүй байгаа айлаас заалт авч чадахгүй үе их тохиолддог. Ийм тохиолдолд сүүлийн 3 сарын дунджаар бодож заалт оруулдаг. Улирлын чанартай, байнга суурин байдаггүй хэрэглэгчид манай цахим үйлчилгээг болох /my.tog.mn/-ийг ашиглан тоолуурын заалтаа өгөөд сурчихвал аль аль талдаа хүндрэлгүй болно.
Нийгмийн сүлжээнд манай цахилгаанаас хөрш айл "хулгайлсан" байна гэх бичлэг тархсан. Үүний адил хөрш айл цахилгаан "хулгайлах" боломжтой юу. Хэрэв цахилгаан "хулгайлсан" байвал яаж мэдэж болох вэ?
Хэрэв таны цахилгааны хэрэглээ хэвээр байхад төлбөр өндөр гарсан бол манай компанийн Лавлах утас-70047004, Цахим үйлчилгээ, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж дуудлага өгч тоолуураа шалгуулах боломжтой.
Газрын гэрчилгээ авсан тохиолдолд цахилгаанд холбогдох зохицуулалттай. Газрын гэрчилгээ авах хүсэлт өгсөн ч гарч амжаагүй байгаа тохиолдолд айлууд цахилгаанд холбогдох боломжтой юу?
Энэ тохиолдолд Газрын албанд материал бүрдүүлж өгсөн бичиг, кадастрын зурагтайгаа Харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан түр гэрээ байгуулах боломжтой.
Газрын гэрчилгээгүй хэр нь цахилгаанд холбогдсон хэчнээн өрх бий вэ?
Манай байгууллага газрын зөвшөөрөл олгосон газарт үндэслэж Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаг. Газрын гэрчилгээгүй дэд бүтэц нь шийдэгдээгүй газар буусан айлуудын хувьд цахилгаанд холбогдох хүндрэлтэй байдаг.
Өнөөдрийн байдлаар айл өрхүүд цахилгааны ямар хөнгөлөлт эдэлж байна вэ?
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 598 дугаар тогтоолын дагуу Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 2022 оны 11-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 3-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөнгөлөлт тооцож байна. Хүчдэлийн түвшнээс хамаарч дараах хөнгөлөлтийг үзүүлдэг.
- 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50%
- 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50% тус тус хөнгөлнө.
Иргэдэд учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлж зөвлөгөө мэдээлэл өгвөл?
Манай байгууллага жил бүр хэрэглэгчийн цахилгаан хангамжид үзлэг шалгалт хийдэг. Шалгалтын үеэр ихэвчлэн олон залгаатай, зориулалтын бус оруулгын утастай, оруулгын утас хашаа дамнуулсан, газарт булаагүй гэх зөрчлүүд илэрдэг. Энэ болгон дээр бид иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс сэрэмжлүүлэн зөрчлөө арилгах мэдэгдэх хуудас өгч ажилладаг. Зарим тохиолдолд зөрчил арилгах хугацаанд эрчим хүчийг нь түдгэлзүүлэх шаардлага гардаг. Иймд иргэд тоолуурын щитнээс гэр, сууц, барилга руугаа татсан цахилгаан дамжуулах утас кабелийн бүрэн бүтэн байдал, гадна тусгаарлаг бүрээс нь шалбарсан гэмтсэн эсэх, утас нь халсан хайлсан эсэхийг зайлшгүй шалгаж хэвших шаардлагатай. Мөн суурилагдсан хүчин чадалдаа тохирсон, хөндлөн огтлолтой, залгаасгүй оруулгын утас ашиглаж байхыг зөвлөж байна.