Өнгөрсөн онд явагдсан АНУ-ын завсрын сонгуульд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдахчууд зургаан удаагийн санал хураалтаар танхимын даргаа сонгож чадсангүй. Энэ нь сүүлийн зуун жилийн хугацаанд Конгрессийн доод танхим даргаа сонгож чадаагүй анхны тохиолдол болжээ.
Ардчилсан намын Нэнси Пелосигийн халааг авч Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байсан Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккарти зургаан удаагийн санал хураалтаар шаардлагатай саналыг намын гишүүдээсээ авч чадсангүй.
Ингэснээр санал хураалтыг пүрэв гарагийн үд дунд хүртэл хойшлууллаа. Ерөнхийлөгч асан Дональд Трампын уриалгыг үл харгалзан Бүгд Найрамдах намын 20 гишүүн Кевин Маккартиг дэмжихээс татгалзсан санал өгч, нэг нь түтгэлзжээ.
Маккарти төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдохын тулд намынхаа 222 гишүүний 218-ынх нь саналыг авах шаардлагатай.
Даргаа сонгож чадаагүй цагт Конгрессийн шинэ гишүүд тангарагаа өргөж, шинэ хууль батлах боломжгүй болох юм.
Share
Tweet
Share
Share