Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар арванхоёрдугаар сарын 27-нд "БНХАУ-ын тал 2023 оны нэгдүгээр сарын 8-аас эхлэн Замын-Үүд Эрээн авто замын боомтыг нээх" талаар дуулгасан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Эрээний боомтоор эхний үед өдөрт 300 зорчигчдыг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Хилээр нэвтрүүлэх иргэдийн тоог 500,1000 гэх мэт байдлаар нэмэгдүүлээд явах аж.
Мөн хуучин загварын ГАЗ 469 машин аюулгүй байдал, өнгө үзэмж талаасааа Хятадын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй учраас хил хооронд явуулахгүй гэнэ.
Харин "Найман шарга" валют арилжааны төвийн юанийн ханш арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар 502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.
Цалин нэмсэн нь баярлууштай ч цаана нь инфляци хөөрөгддөг бичигдээгүй хуультай.
Ядаж байтал хоёрдугаар сарын 21-нд Цагаан сар болно. Хэдийгээр “Цагаан сар шиг нүсэр баяр алга” гэж ад үзэх нь бишгүй ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Наймаачид ч цагаан сарын бэлгэндээ гарцгаана.
Уг нь иргэдийн хувьд цагаан сарын бэлгэнд болж өгвөл монгол бараа бүтээгдэхүүнээ сонгох хүсэлтэй. Харамсалтай нь монгол брэндийн бүтээгдэхүүний сонголт, үнэ ханшид хэрэглэгчдийн хүсэл, халаасны хэмжээтэй дүйцэхгүй байгаа нь үнэн. Тиймдээ ч хүссэн, хүсээгүй үнэ хямдаар нь хятад бараа сонгодог. Үндэсний статистикийн хорооны 2019 онд гаргасан мэдээллээр, цагаан сарын баярыг 572.6 мянган өрх тэмдэглэж, улсаараа 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхээр санхүүгийн хувьд яалт ч үгүй нүсэр баяр.
Бэлэгний 80 орчим хувийг Хятадын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнд дунджаар 357.3 тэрбум төгрөг зарцуулдаг аж.
Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-27 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1.05 сая төгрөг зарцуулахаар байгааг ҮСХ тооцоолон гаргаж байв.