8o
Улаанбаатар хот
mobile menu

Украины Батлан хамгаалахын сайд: ОХУ хилээ хааж, дайны байдал зарлахаар бэлдэж байна

2023-01-03 13:52:00

Орос улс 2023 оны нэгдүгээр сарын эхээр дайны байдал зарлаж, эрчүүдийг хилээр нэвтрэхийг хориглохоор бэлдэж байна гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгджээ. Тэрбээр шинэ жилийн өмнөхөн, 12 дугаар сарын 30-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ ийнхүү онцолсон байна. 

 

"Шинэ жилийн өмнө би Оросын цэргийн үүрэгтэн иргэдэд хандан анхааруулж байна. Тэр дундаа Оросын томоохон хотуудын оршин суугчдад энэ үг хамаатай. Та бүхэнд ямар нэг сонголт хийхэд нэг долоо хоногийн хугацаа л үлдсэн гэдгийг би баттай мэдэж байна. Нэгдүгээр сарын эхээр Оросын эрх баригчид хилээр эрчүүдийг нэвтрүүлэхийг хориглож, дараа нь дайны байдал зарлан, ээлжит дайчилгааг явуулах гэж байна. Беларусьтай залгаа хилийг ч хаана" хэмээн Резников мэдэгджээ.

 

Зах хязгаар нутгуудаас олон хүнийг дайчилсан тул энэ удаад том хотуудад дайчилгаа өрнөнө хэмээн Резников мэдэгдсэн байна. 

 

"Цагийн зүү цохилох үеэр танай хаалгыг тогшино. Энэ бол цэргийн комиссынхон. Ялангуяа хотуудад дайчилгаа явагдана, учир нь алс хязгаар нутгаас олон хүнийг хэдийнэ дайчилчихсан. Энэ талаар танай удирдлагууд шинэ жилийн мэндчилгээндээ хэлэх нь юу л бол" хэмээн Украины сайд мэдэгдээд, Оросын эрх баригчид удаа дараа ард түмнээ хуурч байсан гэдгийг онцолжээ. 

 

Хэдийгээр өөрийнх нь үгэнд итгэхийг уриалаагүй ч оросуудад хандан асуулт тавьсан байна.

 

"Амиа алдаж эсвэл насаараа тэргэнцэр дээр суухуйц болж мэдэхээр дайн руу та нар явахдаа яг юуны төлөө тулалдах юм бэ?" хэмээн Резников мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Орост дахин дайчилгаа зарлагдаж магадгүй талаар шинжээчид удаа дараа мэдэгдэж байсан. Тухайлбал, цэргийн шинжээч Ян Матвеев DW агентлагийн шоуэнд оролцох үеэрээ Оросын эрх баригчид дахин дайчилгаа зарлах гурван шалтгаан байгааг онцолж байлаа.

 

Үүнд, нэгдүгээрт, эрх баригчид дайчилгааг үргэлжлүүлэхгүй гэх шинж тэмдэг байхгүй, хоёрдугаарт, фронт дээр амиа алдсан эсвэл шархадсан цэргүүдийг нөхөх шаардлагатай, гуравдугаарт, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг зогсоох эрмэлзэлгүй байгаа хэмээн шинжээч онцолсон юм.

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ улсын иргэд олноор хилийн чанадыг зорьсон. Дайчилгаа зарласны дараа манай улсын хилээр гэхэд л 6000 орчим хүн нэвтэрсэн гэх мэдээлэл бий. Дайчилгаа эхэлснээс хойш нийтдээ 400 мянга орчим хүн эх орноосоо явсан гэж барууны орнуудын засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Германы Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ний өдөр эхэлсэн хэсэгчилсэн дайчилгаа 10 дугаар сарын сүүлээр дууссан талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Путинд илтгэж байв.  Дайчилгааны явцад төлөвлөж байсны дагуу 300 мянган хүнийг цэрэгт татсан тул ийнхүү дайчилгааны ажлыг дуусгасан гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment