- 2022 оныг тоонд багтаан дүгнэхэд эдийн засаг 3-4 орчим хувиар өсөж, дөнгөж л 2019 оны түвшиндээ дөхөж ирлээ. Уул уурхай л сэргэхгүй бол эдийн засаг сэргэхгүй гэдгийг бид маш сайн ойлгож авах нь чухал болжээ.
- Инфляц, валютын ханш гэх хоёр иртэй хутга шиг үзүүлэлтүүд иргэдийн орлогыг сийчиж байна.
- Инфляц, ханшийн өсөлт хоёрын эсрэг ЗАСАГ янз бүрийн аргаар л тэмцэж байна. Эцэст нь ханшийн энэ их уналтыг дарах ганц арга болох бодлогын хүүг огцом өсгөж, 13 хувьд хүргэлээ. Цаашид бүх санхүүжилтийн өртөг нэмэгдэж, зах зээл дээр зээл хомстохын эхлэл 2022 он боллоо.
Макро тоон үзүүлэлтэд итгэхэд бэрх цаг иржээ
Саяхныг хүртэл цаасан дээрх тоонд итгэдэг байлаа бид чинь ... Гэтэл маш олон макро тоо агуулгагүй хэлбэр болон хувирчээ. Энэ бүх макро үзүүлэлтийг нэг нэгээр нь дурдъя л даа.
Гурван толгойтой валютын ханш – уг зарчим нь валютын ханш тогтвортой дээш, доош хөдөлж л байх учиртай. Гэвч 2022 онд бид гурван ханштай(Монголбанк, Арилжааны банк, Найман шарга) явж үзлээ. Үнэндээ Найман шаргийн ханш бараг бодит байдал, Монголбанкных харин мөрөөдлийн ханш, Арилжааны банкных тэгээд голоор нь гүйсэн юм уу даа.
Нүүрсний экспортоо бүртгэж чаддаггүй – Гадаад худалдаа, үйлчилгээ хийхдээ бид валют ашигладаг. Тус валютын орох, гарах урсгалыг төлбөрийн тэнцэл гэдэг данс дээр бүртгэдэг. Төлбөрийн тэнцэл нь цаасан дээр буухдаа 1 тэрбум гаруй ам.долларын алдагдалтай байв(валютын орох урсгал нь гарах урсгалаа гүйцэхгүй гэсэн үг). Гэтэл бодит байдал дээр тооцож үзэхээр бараг 2 тэрбум ам.долларын алдагдалтай. Үүнд, нүүрсний экспортыг бид офтэйк гэрээний төлбөрийг ялгаж харах, Оюу толгойн экспортын орлого орж ирдэггүй учир хасаж тооцох зэрэг олон зүйлсийг ялгаж салгах нь чухал. Бүртгэлийн хувьд ийм байж болох ч бодит агуулга нь юуг илэрхийлэх гээд байгааг гаргаж ирж чадахгүй бол ийм үзүүлэлт хэмжээд яадаг юм.
Ажилгүйдлийг хэн ч дурддаггүй. Ер нь энэ нийгэмд чинь хүн ажилтай, орлоготой байвал ходоод цатгалан. Улмаар цатгалан ходоодноос сая зөв сонголт хийх тухай бодол тархинд бүрэлдэнэ. Гэтэл Монголд хүнийг ажилтай, орлоготой болгох олигтой бодлого, хөтөлбөр огтоос үгүй. Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж гэх хамгийн чухал үзүүлэлт байнга ярианы гадуур хаягддаг. Угтаа бол дээр дурдсан макро тоонуудаас илүү чухал юм сан. Ажилгүйдлийн түвшин гэх тоо Монголд бараг хэрэглэгддэггүй.
Энэ мэтээр эдийн засаг дахь тоо ярихаар агуулга талаа хэт хаясан мэт. Энэ тоог чинь үр дүнгээ хэмжих, бодит байдлаа мэдэх гэж л хэмжээд байгаа биш бил үү. Ерөнхий макро үзүүлэлтүүд ийм байсан бол эдийн засагт нөлөөлөхүйц ямар үйл явдал болов? Хэрхэн нөлөөлөв?
ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛСӨН ТОМООХОН ҮЙЛ ЯВДЛУУД
Ковидын төлбөрийг өндөр инфляц, валютын ханш, хүүгийн өсөлтөөр төлөв
2020-2021 оны төсөв, мөнгөний замбараагүй зарцуулалтын үр нөлөө 2022 онд инфляц(15%), ханшийг(төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2850-с 3325 ₮ хүртэл унав) урин дуудав.
Ковидын үед мөнгөний нийлүүлэлт 7 их наяд төгрөгөөр өсөж, тэр мөнгө 2022 онд импортоор гарч, валютын нөөцийг 30 хувь бууруулав. Улмаар төгрөгийн ханш ч огцом унаж, түүний эсрэг бодлогын хүү ч огцом өсөв. Эцэстээ худалдан авах чадвар буурч, зээл авах боломж багасаж, цалин хөлс болон ашиг дорвитой өссөнгүй. Иргэд, ААН-үүдийн нуруун дээр энэ бүх лай ланчиг буув.
ОХУ, Украин ханиахад Монголд найтаав
Манай улс ОХУ-аас худалдааны хувьд нэлээд хамааралтай. Ялангуяа шатахуун дээр 100 хувь хамааралтай. Түүнчлэн уул уурхай, ХАА-н тоног төхөөрөмж, тэсэлгээний бодис гэх мэт нарийн зүйлсийг хойд хөршөөс импортоор авдаг.
Тээвэр ложистикийн зардлыг ч хэд дахин нэмэгдүүлсэн. Улмаар барааны импортын өртгийг нэмэгдүүлж, эдгээр барааг худалдан авахад илүү их валют, илүү их үнэ төлөх хэрэгцээ шаардлага үүсэв. Үр дүнд нь ойлгомжтой. Инфляц өндөр болох, валютын ханш өсөхөд нөлөөлсөн.
Урд зүгт байгаа луугийн хилэнг аргадав
Ковидыг ялснаа зарлаж, гадагшаа хил нээснээ мэдэгдэв. Одоо тэгээд эдийн засгаа босгоод л алаад өгөх юм болсон чинь бид хэнээс, юунаас хамаардгаа мартсан байв. Хятадын тэг ковид бодлогод итгэн, эхний хагас жилийг нүүрсний экспорт бараг л өссөнгүй.
Эсрэг талд нь дайнтай байгаа Орос экспортоор цойлох нь тэр. Сая л ойлголоо. Бид чинь урд байгаа луугаа хилэгнүүлчихсэн юм байна шүү дээ. Ингээд лууг аргадах 4-5 уулзалтыг долдугаар сараас хойш хийв. Луугийн ч хилэн намдаж, долдугаар сараас хойш экспорт огцом өсөж эхлэв. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг нүүрсний экспортоос нэг ч бодитоор ам.доллар орж ирдэггүй.
Өнөөх ганц саалийн үнээ болох "Эрдэнэс Тавантолгой"-гоо ухаад үзтэл бөөн офтэйк гэрээний төлбөр хийгээд байж. Ингээд л нүүрсний хулгай гэсээр он дуусах мөчид жагсаал, цуглаан болов. Үндсэн агуулга болох ханш тогтвортой байх, инфляц бага байх, эдийн засгийг хурдан өсгөх зэрэг зорилтуудаа ч таг умартав.
2022 онд улаан заасан макро үзүүлэлтийг 2023 онд ногоон заана гэхэд итгэлгүй л байна. Учир нь сонгуулийн өмнөх жил. Аврал байхгүй. Яана даа, Монголчууд минь ...