8o
Улаанбаатар хот
mobile menu

Түүхэн уулзалт: Зеленский Байден нар Вашингтонд хэлэлцлээ

2022-12-22 13:05:00

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Вашингтонд очиж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Түүнийг Цагаан ордны өмнө Байден болон АНУ-ын тэргүүн хатагтай нар угтаж байгааг Америкийн телевиз шууд дамжуулан үзүүлсэн юм. 

 

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших Зеленскийн анхны айлчлал 

 

Орон нутгийн цагаар үд дунд Зеленскийн суусан онгоц Вашингтон орчимд байх "Эндрюс" агаарын баазад газарджээ. Украины Ерөнхийлөгя Польшийн Жешуваас Америкийн Агаарын цэргийн хүчний Боинг С40В онгоцоор АНУ-д очсон байна. Харин Польш руу тэрбээр галт тэргээр очжээ. Зеленскийг Украин дахь АНУ-ын Элчин сайд Брижит Бринк дагалдан явсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Дайн эхэлснээс хойших 301 өдрийн дараа болсон энэ айлчлал нь Украины Ерөнхийлөгчийн хувьд дайны дараах анхны гадаад айлчлал боллоо. Тэрбээр ОХУ нутаг руу нь халдсан хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Украиныг орхин гараагүй бөгөөд гадаадын улс төрчдийг Киевт хүлээн авч уулзан эсвэл гадаад орнуудтай цахимаар холбогдож байв. 

 

Зеленскийн айлчлалын үеэр АНУ ээлжит цэргийн тусламжийн багцын талаар зарлана гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаагийн тусламжаар "Пэтриот" системийг Украинд өгөхөөр болжээ.

 

Зеленский: Эцэг эхчүүд хүүхдүүдээ алдсан, одоо тэд өш хонзонгоор амьдарч байна 

 

Энэ уулзалтын үеэр Байден АНУ Украинд тусламж үзүүлэхээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. 

 

"Путиний явуулж буй хэрцгий дайнаас хамгаалахад таны хажууд байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үндэстэн гэдгийнхээ хувьд оршин тогтнох украинчуудын эрхэнд Путин хэрцгийгээр халдан, гагцхүү тэднийг айлгахын тулд гэм зэмгүй Украины ард түмэн рүү халдсанаас хойш 300 өдөр өнгөрсөн гэдэгт итгэхэд бэрх" хэмээн Байден мэдэгджээ.

 

Энэ уулзалтын үеэр Байден Путин өвлийг зэвсэг болгон ашиглахаар зэхэж байгаа гээд америкчуд Европын холбоотнуудын хамтаар Украиныг дэмжсээр байна хэмээн цохон тэмдэглэлэлээ. АНУ болон холбоотнууд хүмүүнлэгийн, цэргийн гээд шаардлагатай бүхий л тусламжийг Украинд үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэж Байден мэдэгдсэн байна. 


Байдентай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский мэдэгдэл хийхдээ шударга ертөнц гэж юу болох, өнөөгийн дайны нөхцөлд украинчууд хэрхэн амьдарч байгаа талаар өгүүлжээ. 

 

"Шударга ертөнц гэж юу вэ? Хүн бүрийн хувьд энэ нь өөр өөр утга агуулна. Миний хувьд,ерөнхийлөгчийн хувьд энэ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд ямар ч буулт хийхгүй, Оросоор материаллаг хохирлоо нөхөн төлүүлэхийг хэлнэ.Харин хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдийн хувьд шударга ертөнц гэж юу вэ? Тэдний хувьд мөнгө бол юу ч биш. Тэд өш хонзонгоор амьдарч байна. Дайн удаашрах тусам ийм хүмүүс олширно. Тэд үргэлжлүүлэн амьдрахаас өөр арга. Би ийм хүмүүсийг мэднэ" хэмээжээ. 

 

Түүнчлэн дайн эхлүүлэхгүйн тулд Владимир Путин руу чиглэсэн дохио өгч байсан, дайн эхлүүлэхийг хүсээгүй хэмээн Зеленский онцолсон байна. 

 

"2019 онд би Ерөнхийлөгч болоод Путинд мессеж өгөхийг хүссэн. Бид дайн дэгдээсэй гэж хүсээгүй, тэр ч юу ч болохгүй гэж байсан. Гэвч тэр худлаа ярьсан. Одоо тэгэхээр бид түүнд ямар дохио өгөх ёстой вэ? Тэр цаашид соёлт ертөнцөд субъект байхаа болилоо. Тэр өөрийн оронд үлдсэн ямар нэг зүйлийг аврахыг л хичээх ёстой." хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээс хойш 301 өдөр хэдийнэ өнгөрөөд байна. Талууд дайн эхэлсэн дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хэлэлцээрийн анхны шатыг эхлүүлж, хамгийн сүүлд гуравдугаар сард Туркэд хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй, өдийг хүртэл дайтсаар байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл