“Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо. Тус судалгаагаар хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын асуудлыг судалжээ. Түүнчлэн судалгаа нь эрх зүйн зохицуулалтын бүлэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгааны дүгнэлт, хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдал гэсэн үндсэн гурван бүлэгтэй аж.
Түүнчлэн судалгааны тайланд хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдгийг онцолсон байна. Энэ талаар судлаач Б.Нямжав мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг. Хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан. Учир нь хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг. Өглөө 06:00 цагаас малын ажилд гараад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа юм. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үздэг. Нэг хэсэг нь уламжлал гэж хардаг. Нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу уламжлалт баяр буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн эрийн гурван наадам утгаар авч үзэх нь зүйтэй. Харин хүүхдийн суралцах хугацаанаас бусад үед хийгдэж буй уралдааныг арай өөр зохицуулалтаар шийдвэрлэх нь чухал. Үүнийг Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн. Бид хурдан морь унаач хүүхдүүдийн төлөөллөөс ярилцлагын аргаар судалгаа авлаа. Энэ үед хэд хэдэн ноцтой жишээ илэрсэн. Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан. Тэр хүүхэд баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан байдаг. Сургуульд суралцах ямар ч боломжгүй нөхцөлд ажилласан байсан" гэв.
Эдгээрээс гадна хурдан морь унаж байгаа хүүхдэд хүчээр тамхи татуулах, хүмүүжил, ёс суртахуунд нь сөргөөр нөлөөлөх авирлах зэрэг олон зөрчил илэрсэн байна.