"Spirit of America" төрийн бус байгууллага нь Монгол орны Дархан, Дундговь, Архангай, Хөвсгөл, Баянхонгор гэх 5 аймгийн эрүүл мэндийн газарт нэн чухал үүрэг гүйцэтгэдэг машины засвар үйлчилгээнд туслалцаа үзүүлэн бүх эвдрэл гэмтлийг нь засварлажээ. Эдгээр Land cruiser-76 машинууд нь 2010 онд Мянганы сорилын сангийн шугамаар бүх аймгуудад тараагдсан ба ихэнх нь эвдрэл гэмтлийн улмаас доголдолтой, зарим нь бүр явах ч боломжгүй болсон байжээ.
Өмнө тус байгууллага нь Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг дэмжин санхүүжүүлсэн. Уг төслийн хүрээнд нар, салхины хосолсон энергиэр ажиллах гүний худаг, хүлэмж барьсан ба нутгийн иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод хувь нэмэр болж, ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангажээ.
Харин энэ удаад 5 аймгийн эрүүл мэндийн газрын машинуудын эвдрэл гэмтлийг зассанаар үйлчилгээ хэвийн явж, иргэдийг ажлаа цаашид саадгүй хийхэд гүн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн төрийн захиргааны агентлагийн хувьд мэргэжлийн хяналт шинжилгээ үнэлгээнүүд байнга хийдэг.
Тус ажилд томилогдсон багуудыг тухайн сумын эмнэлэг эсвэл багийн үйл ажиллагаан дээр хүргэж өгөх авах, эрүүл мэндийн газраас хяналт хийхээс гадна эмч нарт хэрэгтэй мэдээ мэдээлэл түгээх, сургалтын үйл ажиллагаа явуулах, иргэдийн дунд судалгаа хийж, зөвлөгөө өгөх зэрэг өдөр тутмын нэн хэрэгцээт ажилд Land cruiser-76 машин дайчлагддаг байна. Жишээлбэл: Хөвсгөл аймагт 2021 онд КОВИД-19-ийн вакцин, сорьц хүргэх зөөх зорилгоор нийт 90,000 километр явсан харин Батцэнгэл сумд анхны КОВИД-19 гарахад 7 хоногт 9 удаа ирж буцан явжээ.
Машины жолоочид бүгд туршлагатай хүмүүс байдаг ба хамгийн багадаа 3 жилээс 30 гаруй жил хүртэлх хугацаанд ажилласан. Тиймээс жолооч хүний хувьд машин тэрэг найдвартай байх, замд эвдрэл гэмтэл гарахгүй байх нь хамгийн чухал асуудал. Уг асуудлыг шийдэж өгсөн Spirit of America төрийн бус байгууллагад нутгийн ард иргэд болон ажилчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлжээ.