Сүүлийн өдрүүдэд Орос, Америкийн эрх баригчид стратегийн цөмийн зэвсэглэл, шинэ төрлийн зэвсгийн талаар дэс дараалсан мэдэгдэл хийж байгаа нь Орос, Америкийн хооронд стратегийн зэвсэглэлийн өрсөлдөөн шинэ шатанд гарсныг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даян дэлхийд цөмийн аюул нэмэгдэж байгааг онцлоод “Америкууд бусдын нутаг дээр цөмийн зэвсгээ байрлуулж, урьдчилан цохилт өгөх номлолтой бол ОХУ өөрийн нутаг дээр байрлуулж, болзошгүй дайсны урьдчилсан цөмийн цохилтод хариу өгөх номлолтой” хэмээн мэдэгдсэн.
Орос, Америкийн цөмийн дээрх номлолоор, Оросын пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлэх систем нь Америкийн талаас Оросын чиглэлд харваж буй пуужинг нэн даруйд илрүүлэн, хариу арга хэмжээ болгон хэдэн зуун пуужинг агаарт нэгэн зэрэг хөөргөх ба тэдгээрийг саатуулах боломжгүй тул дайснаас юу ч үлдэхгүй нь үнэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж байна.
Ерөнхийлөгч В.Путины мэдэгдлийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин өчигдөр: “Орос, Хятад хоёр цөмийн зэвсгээ өргөтгөн шинэчилж байгаа учраас АНУ цөмийн гурвалаа мөн шинэчилж байна” хэмээн Америкийн Стратегийн командлал дээр мэдэгдлээ.
АНУ-ын цөмийн шинэчлэгдсэн гурвалын бүрэлдэхүүнд шинэ стратегийн бөмбөгдөгч B-21 онгоц, Колумб ангилалын шинэчилсэн шумбагч онгоц, Сентинел загварын тив алгасах баллистик пуужин багтана гэж Батлан хамгаалахын сайд Л.Остин мөн үеэр онцолж байна. АНУ нь НАТО, Япон, БНСУ, Австрали зэрэг түүний холбоотнууд руу чиглэсэн цөмийн халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг давхар хүлээж байна.
Оросын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Д.Медведев телеграм сувгаар өчигдөр мэдэгдэхдээ: “Орос улс шинэ зарчим дээр суурилсан хамгийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна” гэжээ.
Дээрх мэдэгдэлүүдээс харахад, Орос, Америк тэргүүтэй их гүрнүүд уламжлалт цөмийн зэвсгийн төрлийг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт бус зэвсэг буюу физикийн шинэ зарчимд суурилсан зэвсгийг бүтээхэд анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Физикийн шинэ зарчимд суурилсан зэвсэг нь физик, биологийн болон бусад үйл ажиллагааны зарчим, шинэ мэдлэг, шинэ технологийн ололт, техникийн шийдэлд суурилсан зэвсгийн төрөл юм. Энэхүү зэвсгийн төрөлд туяаны буюу лазерын, цахилгаан соронзон, хэт авианы, радиодавтамжийн, генетикийн, геофизикийн, цаг уурын, газрын гадаргуугын, усан мандлын, байгаль орчны, озоны гэх зэрэг шинэ төрлийн зэвсэг байх магадлалтай байна.