Японы Осака мужийн Тоёнака хотын нэгэн бага сургуулийн 20 гаруй сурагч эвгүй, хурц үнэрээс болж бие нь тавгүйтэн эмнэлэгт хүргэгджээ. Сургуулиас ямар нэгэн таагүй хүхэр шиг үнэр үнэртээд байна гэсэн дуудлага орон нутгийн цагаар мягмар гарагийн 09:00 цагийн үед иржээ.
Эмнэлэгт хүргэгдсэн сурагчид 6-11 насныхан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Сургуулийн гадна түргэний болон галын арав гаруй машин шуурхай ирж ажиллажээ. Одоогоор юуны үнэр тархсаныг тогтоогоогүй бөгөөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөр ноцтой зүйл илрүүлээгүй байна.
Аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийг цуцалж, сурагчдыг биеийн тамирын зааланд оруулж ар гэртэй нь холбогдон тараажээ.