Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилтын ажил үргэлжилж буй. Тэгвэл тус талбайн хийг бамбардаж эхэлсэн тухай гаднын сайтад мэдээлэл гарсан байна.
Тиймээс нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй "Elixir Energy" компанийн Монгол дахь охин компани болох "Жи Өү Эйч" ХХК-аас дараах зүйлийг тодрууллаа.
Тус компанийн ерөнхий менежер Б.Ачитсан "Метан хийг бамбардаж, шавхах туршилтын ажил энэ сарын 16-нд эхэлсэн. Хоёр цооног өрөмдсөн. Хэмжилт, туршилтын ажил үргэлжилж байна.
Метан хий хүчтэй учраас агаарт сул цацаж болохгүй. Аюулгүй зайлуулахын тулд ингэж бамбардаж байгаа. Шавхалтын ажлын үеэр хийн урсгал байна уу үгүй юу гэдгийг л үзэх зорилготой. Одоогоор бол яг үр дүн гарсан гэж ярихад эрт байна. Ямар ч байсан туршилт шавхалтын ажил албан ёсоор эхэлсэн. Урьдчилсан байдлаар харахад үр дүн сайн гэж хэлж болохоор байна.
Яагаад гэвэл хийн урсгал байгаа учраас бамбардаж байгаа. Метан хийн хэмжээг хэлэхэд эрт байна. Хийн урсгал хэр хэмжээтэй байгааг тогтоохоор ажиллаж байна. Тухайн үр дүнгээс хамаараад нөөцтэй байна уу үгүй юу гэдгийг үзэж байгаа гэж ойлгож болно" гэсэн юм.
Ташрамд дурдахад, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани 2019 оноос хойш Монгол Улсад метан хийн хайгуул хийж, туршилтын цооног өрөмдөх ажлыг эхлүүлжээ.