УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонслоо Энэ асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Цагаан хаданд ХӨСҮТ-ээс очиж PCR шинжилгээ хийж буй. Үүн дээр хэл ам гарч байна. Боомтын чиглэлээр гарсан хянан шалгах түр хороо хоёр өдрийн өмнө хуралдсан. Шинжилгээний асуудалд авилга, бөмбөлгийг хагалдаг зүйл байна. Үүнийг аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү шилжүүлээд өгчихөж болдоггүй юм уу. Манайд шинжилгээ хийх тоног төхөөрөмж, хүний нөөц, зарим дутагдалтай мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах боломж бий. Эндээс маш их хэмжээний төлбөр хураамж, орлого төвлөрч байгаа шүү дээ. Шилжүүлээд өгчихвөл тодорхой хэмжээгээр бүсийн оношилгоо, эмчилгээний төв маань өөрсдийн асуудлуудаа шийдэх нөхцөл бүрдэж болно. Цаашдаа боомтуудад эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч ажиллуулах ямар боломж байна вэ" хэмээн асуулаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цагаанхадан дээр PCR шинжилгээтэй холбоотой маш олон асуудал гарч хууль хяналтын байгууллага шалгасан. Өвчлөөд эдгэсэн хүмүүсийн шинжилгээ эерэг гарах тохиолдол бий. Үүн дээр маш их хэл ам гарч байгаа. Бид 14 хоног тутам ХӨСҮТ-ийн ээлжийг сольдог. Бүсийн оношилгооны төвд уг шинжилгээг шилжүүлж өгөх шийдвэрийг удаа дараа өгсөн. Харамсалтай нь Цагаанхадан дээр байгаа штабаас ирэх оны нэг сар хүртэл мэргэжлийн байгууллага нь ажиллаач гэдэг хүсэлт тавьсан учраас ХӨСҮТ ажиллаж буй. Боомтууд дээр явуулын эмнэлэг суурилуулж эхэлсэн" гэв.