Үдээс хойших УИХ-ын чуулган 14.00 цагаас эхэлсэн. Чуулганаар Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Үүний дараа чуулган нээлттэйгээр үргэлжилж, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэхүү хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр санал дээр санал хураалт явууллаа.
САНАЛ НЭГ: Төрийн албаны тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 51.3-т: "Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална" гэх өөрчлөлт оруулах санал гаргажээ. Санал хураалтад, 49 гишүүн оролцлоо. 53.1 хувь буюу 26 нь зөвшөөрч, 56.9 хувь буюу 23 нь татгалзав.
САНАЛ ХОЁР: Төрийн албаны тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд: "Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж өөрчлөлт оруулахаар тусгасан байснаа "Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж өөрчлөх санал гаргажээ. Санал хураалтад, 50 гишүүн оролцлоо. 58.0 хувь буюу 29 нь зөвшөөрч, 42.0 хувь буюу 21 нь татгалзав. Ийнхүү дээрх хоёр санал дэмжигдлээ. Дээрх байдлаар эцэслэн батлахаар Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.