Улсын Онцгой комиссын IV хуралдаан өчигдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Зуншлага тааруу, малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалтгүйн улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй, малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй байгаа Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцлоо. Сэлэнгэ, Булган аймгууд өвс, тэжээлийн захиалга авч хүндэрч болзошгүй аймгуудад туслах аж.