
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гаас олон арга хэмжээ төлөвлөжээ. Ойн арга хэмжээг энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд “Монгол арт” галерейн байранд зохион байгуулах юм. Арга хэмжээний хүрээнд “Мөнх тэнгэрийн хүчин дор-30 жил” эрдэм шинжилгээний хурал, “Б.Балжинням” фото үзэсгэлэн, “Холын зэрэглээн дунд” номын нээлт, уран бүтээлчдийн уулзалт зэргийг төлөвлөж буй. Мөн Саха Якут улсын ГХЯ-ны харьяа Улс түмнүүдийн Найрамдлын ордонтой хамтран “Кино найруулагч Б.Балжиннямын кино өдрүүд”-ийг 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, мөн ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарын дэмжлэгтэйгээр Эрхүү хотод арванхоёрдугаар сарын эхээр тус тус кино өдрүүдийг зохион байгуулахаар болсон байна.



