Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Н.Ганболдоос УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд АТГ-ын дарга Н.Ганболдод гомдож явдагаа хэлж, мөн өнгөрсөн зүйлийг эргэн сануулсан асуулт тавьлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Н.Ганболд та МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Цагдаагийн газрын дарга байсан уу. Өнөөдөр Л.Гансүх нүүрсний хэргээр хоригдож байна. Түүнтэй хамт ижил зүйл заалтаар хоригдож буй гурван залууг одоо яагаад татварын хэргээр шалгаж тамлаад байгаа юм бэ?
АТГ-ын дарга Н.Ганболд: М.Энхболд даргатай хамт ажилласан. Тэр үед хотын цагдаагийн газрын дарга байсан нь үнэн. Л.Гансүх зөвлөхтэй хамт хоригдож байгаа залуусын талаарх мэдээллийг олон нийтийн өмнө ярих боломжгүй, тусад нь өөрт нь хэлье.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Намайг АН-ын дарга байхад Ерөнхийлөгчийн саналаар Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилж, дэд даргаар нь Б.Хурцыг томилж байсан. Энэ бүх хүмүүс нийлээд өнөө хонгилыг үүсгэсэн. Н.Ганболд даргаа, Та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй” хэмээн хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна