НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ Украины бүс нутгуудыг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэснийг буруушаасан тогтоолыг 143 саналаар дэмжлээ. Ерөнхий Ассамблейн 193 гишүүний дунд явуулсан санал хураалт Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаарх хууль бус бүх нийтийн санал асуулгыг хэлэлцэхээр 10 дугаар сарын 10-нд яаралтай хуралдсаны дараа болсон юм.
Санал хураалтын дүнгээр 143 улс Украины дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэснийг буруушаасан тогтоолыг батлахыг дэмжсэн бол ОХУ, Венесуэл, БНАСАУ, Беларусь, Сири улс тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгчээ. Хятад, Энэтхэг зэрэг 33 орон санал хураалтад түдгэлзсэн байна. Уг тогтоолд олон улсын харилцаанд аюул занал учруулж, хүч хэрэглэхээс татгалзах НҮБ-ын гишүүн орнуудын үүргийг онцолж, сүрдүүлэг, хүч хэрэглэсний үр дүнд эзэмшсэн газар нутгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг сануулжээ.
“Украины Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудын зарим хэсэг түрэмгийллийн улмаас цэргийн түр хяналтад байгаа эсвэл байсан бөгөөд энэ нь Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал юм. Эзэлсэн газар нутгаа өөртөө нэгтгэх оролдлого хийсэн Оросын эрх баригчдын шийдвэр нь НҮБ-ын Дүрмийн зарчимд нийцэхгүй байна” гэж баримт бичигт тэмдэглэсэн байна.