УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгийг явуулж байна.
---------------------------------
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлэхээр болсон. Нийт хэдэн хүнээс татвар авах вэ? Хоёрдугаарт эрчим хүчний салбар үнээ нэмэх үү.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Шаталсан татвар бол шинэ татвар биш. 2004 онд анх энэ тогтолцоог хэрэгжүүлж байсан. 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ-аас буцаасан. Одоо хамрах хүрээ нь харьцангуй багассан. Өндөр орлоготой буюу сарын 10 сая хүртэлх орлоготой иргэдээс 10 хувь, 10-15 сая хүртэлх орлоготой иргэдээс 15 хувь, 15 саяас дээш орлоготой бол 20 хувь зэрэг шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Манайд нийтдээ ХАОАТ төлдөг 817 мянган иргэд бий. Эндээс дээрх шатлалд хамаарч байгаа нь 0.3 хүн буюу 1365 хүнээс татвар авна гэсэн үг. Эндээс орж ирэх орлого нь 10 тэрбум орчим.
Татварын системд орж байгаа томоохон репормын нэг гэж ойлгоорой.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эрчим хүчний салбар хүндэвтэр нөхцөл байдалд байна. Хүнд гэж хэлж болохоор. Жишээлбэл, нүүрсний уурхайнууд 109.2 тэрбумын эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон. Үүн дотроо Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарын голын уурхайд 14.6 тэрбумын эргэлтий хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болно. Эрчим хүчний үйлдвэр компаниуд мөн ялгаагүй ийм байдалд байна. Дизель түлш болон бусад сэлбэг хэрэгслийн үнэ 2019 онтой харьцуулахад дунджаар 30-65 хувиар өссөн.
Оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан импортолдог. Зөвхөн 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ханшийн алдагдал нь 37.8 тэрбум төгрөг.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнийн тарифыг өөрчилсөн. 2022 оны 11 сарын 1-ээс үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьсан. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас айл өрхүүдийн цахилгааны үнийг нэмэхгүй. ААН-үүдийн хувьд 5000 кВт хэрэглээтэй бол 14 хувь, 5000-аас дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлнэ. Ингэхдээ уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон оператор буюу санхүүгийн ачааллыг дааж чадахуйц компаниуд 2000 мянган кВт хүртэл 28 хувийн нэмэгдэлтэй байна. 2000 мянган кВтаас дээш хэрэглээнд 38 хувийн нэмэгдэл тооцно. Энэ тооцооллын дагуу эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.