8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д байгаа монгол иргэдийн анхааралд

2022-10-05 13:00:00

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүйг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.



Оросын Холбооны Улсын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй болсныг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар энэ оны хоёрдугаар сард өөрийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 1 бүлгийн 5 дугаар зүйлийн дагуу тус улсад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн гадаадын иргэд 30 хоногийн дотор, бусад иргэд 90 хоногийн дотор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх ёстой.

Харин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө ОХУ-д орж ирээд дахин гараагүй иргэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногт багтан бүртгүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл тань сунгагдахгүй тул та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулахын хамт хэрэв танд энэ талаар мэдээлэл хомс байгаа бол сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Жич: Энэхүү бүртгэлд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамрагдахгүй.

Эрүүл мэндийн шинжилгээ хийх, гарын хээ, гэрэл зураг авч бүртгэх байгууллагын хаягийг харьяа хот, дүүргийнхээ “Төрийн үйлчилгээний төв”, сургуулийнхаа цахим хуудас, холбогдох нэгж, ажилтнаас авна.

Эрүүл мэнд, Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн байгууллагуудын ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас та бүхэн хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй тулгарч болзошгүй тул холбогдох байгууллагуудад яаралтай хандаж үйлчилгээ авах өдрөө тогтоож, дараалалд бүртгүүлнэ үү гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment