8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан сайдаа, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзсан эрхлэгчдээ хариуцлага тооцно уу!

2022-10-03 18:35:00

2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг БШУЯ-аас хэрэгжүүлж, түүний үр дүнд цэцэрлэгийн насны хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, сугалаанд “азгүй” байсан нь гэртээ үлддэг байсан үе ард хоцроод байгаа гэж олон нийт ойлгож байгаа билээ. Гэвч одоог хүртэл энэхүү байдал бүрэн арилаагүй бололтой.

Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны оршин суугч иргэн өөрийн хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар и-монголиа цахим системээр өргөдөл гаргаж, тухайн хүүхдийг тус хорооны харьяа цэцэрлэг болох 204 дүгээр цэцэрлэгт хамран сургах болсон тухай хариуг мессежээр ирүүлжээ.

Хүүхдээ дагуулсаар хуваарилагдсан цэцэрлэг болох 204 дүгээр цэцэрлэг дээр очтол тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг гэх эмэгтэй “БШУЯ бид нараас асуулгүй хүүхэд хуваарилсан. Бид хүүхэд авахгүй. Цаашаа яамтай ярьж, өөр цэцэрлэгт хуваарилуулна” гэх зэргээр тухайн цэцэрлэгт шинээр хуваарилагдсан хүүхдүүдийг хүлээн авахаас эрс татгалзаж, эцэг, эхчүүдийг нь загнаад буцаажээ. Аргаа барсан эцэг, эхчүүд хаана хандах ёстойгоо ч мэдэхгүй арга мухардаж, “БШУЯ хүүхэд хамран сургах асуудлыг шийдээд байна уу,  аль эсвэл 204 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч шийдээд байна уу” хэмээн гайхаж сууна.

Саяхан Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон гэх эмэгтэйг ажлаас нь чөлөөлөх гэж Засгийн газрын түвшний асуудал болж, ердийн нэг ерөнхий боловсролын сургуулийн захирал ямар дээрэнгүй, хуулиас давсан эрх мэдэлтэй байгааг ард иргэд харсан билээ. Гэтэл дахин нэг “соронзон” 204 дүгээр цэцэрлэг дээр тодрон гараад байна. Ер нь манай улсын боловсролын системд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ямар их хүнд сурталтай, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үл тоодог болсны тод жишээ нь Ж.Соронзон болон 204 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нар юм. Л.Энх-Амгалан сайдаа таны гаргасан журам амьдрал дээр хэрэгжихгүй байгааг анхаарч, СӨБ эзэмших эрхээ хасуулсан энхрий үрсийн  асуудлыг шийдэж өгнө үү?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл