Алслагдсан сумын эмэгтэйчүүд МЭХ-оос хэрэгжүүлж байгаа "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн хүрээнд эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байна. Умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийх зорилготой 21 аймгийн 330 суманд хэрэгжих уг төсөл энэ сарын 08-наас ГОВЬ-АЛТАЙ аймагт хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд төслийн баг хамт олон Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт суманд ажилласан бол өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд ажиллаж байна. Уг төслийн баг давхардсан тоогоор 1400 гаруй эмэгтэйд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийсэн байна. Тус үзлэг оншилгоонд хамрагдсан эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хорт хавдрын 4 тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Нэмэлт мэдээлэл дуулгахад ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од нар умайн хүзүү болон хөхний хорт хавдрын үзлэг, оношлогоо хийж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Соёлын илч түгээгч МУСТА дуучин С.Гантогоо нар өсвөрийн үеийнхэнд сургалт, лекц орж байгаа аж.