Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг харах хүнгүйгээр гол руу явуулахгүй байхыг зөвлөлөө.
Наймдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.
Энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна.
Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, Хэнтийн Дэлгэрхаанд 50.1-86.9 мм оржээ.
Харин Өмнөговийн зарим, Говь-Алтай Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар бороо ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага байна.