8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон, Халх голуудад нэг том хүн болон бага насны хүүхэд энджээ

2022-08-02 12:05:58

Архангай аймаг, Өлзийт сумын зам, гүүрийн ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:10 цагт ангиас гарч 103 км замыг туулан 18:27 цагт очиход “Орхон” гол дээр шинээр гүүр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан иргэн С /24 настай, эрэгтэй/ голын усан доторх гүүрний байгууламж дээр ажиллах явцдаа урсаж, живсэн байсан тул тус байгууллагын ажилчид, ар гэрийнхэнтэй хамтран осолдсон газраас зүүн зүгт 7 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Мөн Дорнод аймаг, Халхгол суманд ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан ирж тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд наймдугаар сарын 2-ны өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл