Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороодын нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан тоосгон гарааш, контейнерыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Дүүргийн хэмжээнд энэ оны газар чөлөөлөх ажил гуравдугаар сарын 15-наас 15, 16 дугаар хорооноос эхэлжээ. Тус ажлын хүрээнд 18 дугаар хороо таван шар орчмын 15 дугаар байрны баруун хойно, замын эсрэг талд нийт 49 ширхэг тоосгон гараашийг буулгаж, 1,400 мкв гаруй талбайг чөлөөлсөн байна.
Энэхүү талбайд авто зогсоол, явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэж байна хэмээн СХД-ийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Түүнчлэн Баянзүрх дүүрэгт мөн явган зам, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг цогц тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ. Энэ хүрээнд ямар тохижилтын ажил хийгдэх талаар танилцуулж байна.
- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 113 дугаар байрны урд 25 гараашийг буулгаж, 1,329 мкв талбайд тоглоомын талбай, амарч зугаалах орчин, ногоон байгууламж
- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 112,114-х байрны зүүн талд 66 гарааш, 3 контейнер нийт 2,198мкв талбайд ногоон байгууламж, амарч зугаалах талбайтай
- Орос 14 дүгээр сургуулийн ард байрлах 54 гарааш, нийт 2,161 мкв талбайд явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламж зэрэг цогц тохижилтын ажлыг тус тус гүйцэтгэж байна.
Дээрх тохижилтын ажлын зургийг тус бүрийг тухайн орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн боловсруулжээ.