8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын хавдрын туяа эмчилгээ дэлхийтэй хөл нийлүүллээ

2022-07-07 10:02:10

Хавдар судлалын үндэсний төвийнхөн туяа эмчилгээний хоёр дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн талаараа мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, туяа эмчилгээний зөвлөх, МУ-ын хүний гавъяат эмч Г.Одонтуяа, туяа эмчилгээний эмнэлгийн ахлах физикч В.Энхцэцэг, Цөмийн энергийн комиссын ажлын албаны мэргэжилтэн Л.Энхцэцэг болон ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн хамт олны төлөөлөл оролцож шинэ технологийн талаар танилцуулан мэдээлэл хийсэн юм.

Хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд анхаарч, урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2019 онд  Австрийн Засгийн газрын санхүүжилтээр  АНУ-ын “Varian Medical systems” үйлдвэрийн “Clinac iX” болон “Unique” брэндийн анхны хоёр шугаман хурдасгуурт төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулан албан ёсны нээлтээ хийж, 3 хэмжээст конформал туяа эмчилгээг хийж эхэлсэн байна. Ингэснээр манай улсын хавдрын туяа эмчилгээнд үсрэнгүй дэвшил гарч 20 жилийн хоцрогдлоо арилгаж чадсан юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дараагийн дэвшилтэт технологи болох IMRT болон VMAT технологиудыг нэгэн зэрэг нэвтрүүлснээр хөгжлийн хоёр дахь том алхмаа хийж хорт хавдрын туяа эмчилгээ дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих боломж бүрдлээ.

IMRT (Intensity modulated radiotherapy) буюу эрчмийг тохируулсан туяа эмчилгээ, VMAT (Volumetric modulated arc therapy) буюу эзэлхүүнт нуман туяа эмчилгээний технологиуд нэвтэрснээр хавдрын байг илүү нарийвчлалтай, эзэлхүүнтэйгээр хэлбэржүүлэн тодорхойлж, эрүүл эд эрхтнийг цацрагт өртүүлэхгүйгээр, онилсон хавдар луугаа олон чиглэлээс, өөр өөр эрчимтэй, өндөр тунтай цацрагаар буудсанаар эмчилгээ илүү үр дүнтэй болж хүндрэл, гаж нөлөө эрс багасах чухал ач холбогдолтой юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл