8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ: Хөвсгөлд осолдсон краныг ЯАРАЛТАЙ буулгана

2022-05-18 12:51:42

Өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт баригдаж байгаа 14 давхар орон сууцны барилга угсралтын ажилд ашиглагдаж байсан цамхагт краны татуурга тасарсан осол гарсан. Осол гарах үед барилга дээр ажилчид байгаагүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа зогсоож, тарсан байжээ.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан шуурхай баг, холбогдох компанийн төлөөллийг байлцуулан ослын дараах нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.

   Үзлэг шалгалтаар тус краныг буулгах шийдвэр гарч, мэргэжлийн байгууллагаар буулгах ажлыг гүйцэтгүүлэх хүртэл краны аюулгүй байдлыг ханган хүчитгэл, бэхэлгээг хийлгүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ойр орчмын хөл хөдөлгөөнийг хязгаарлан, иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Тус кран нь Монгол Улсын өргөх байгууламжийн улсын бүртгэлд бүртгэлтэй, 2021 онд техникийн магадлал хийгдсэн, мэргэжлийн компаниар угсралт суурилуулалт хийгдсэн байна.

Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг МХЕГ-аас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл