8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын дуудлага нэмэгджээ

2022-05-17 09:35:17

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

“АМРАЛТЫН ӨДРИЙН ХУДАЛДАА”-Г ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган метр куб байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах насос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагын зүгээс дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа’’ зохион байгуулж байгаа. Дүүргүүдийн удирдлагууд “Амралтын өдрийн худалдаа”-г тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа. Мөн Төмөр замын 1,000 машины зогсоол дээр хүнсний ногооны худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Түргэн хоолны цэг байгуулахтай холбоотой Монгол Улсад мөрдөж байгаа гурван стандарт бий. Бид эдгээр стандартын талаар аж ахуйн нэгжид заавар, зөвлөгөө өгч, зөвлөн туслах боломжтой. Түргэн хоолны цэгийг гудамж, талбайд ажиллуулах талаар төрийн бус байгууллагуудтай уулзаж, стандарт батлах талаар ажиллаж байгаа” хэмээв. Хотын дарга эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж ажиллаарай гэсэн юм.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

Болзошгүй гамшгийн үед ашиглах түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Ажлын хэсэг байгуулж, нийслэлийн хэмжээнд түр орон байраар ашиглаж болох 631 газрыг судалж, сонгосон. Орц, гарц, эрүүл ахуйн байдлыг судалж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Мөн түр орон байраар ашиглаж болох байруудын талаар судалгаа хийж байгаа” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1,421 зөрчлийн таслан зогсоолоо. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол болон хэрэгт холбогдсон 25 зөрчлийг шалгаж байна. 14 хоногийн хугацаанд 3,530 дуудлага хүлээн авснаас 3,483 зам, тээврийн осол бүртгэгдэж, 51 хүн гэмтсэнээс 39 нь явган зорчигч байна. Зам, тээврийн осол хэргийн дуудлага нэмэгдсэн” хэмээлээ.

ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас СӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд:
    • Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц гарч хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.
    • Түргэн тусламж болон гал унтраах автомашин хороолол руу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.
    • Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах.
  • Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах.
  • Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ, “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.
  • Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллахыг тус тус үүрэг болгов.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment