Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Прокуророос яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээсээ түтгэлзэж магадгүй асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрбээр, "Есөн жилийн өмнө Ерөнхий сайд байхад гаргасан Засгийн газрын шийдвэрээр буруутгаж яллагдагчаар татаж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй.
Өмнө нь би АТГ-т Хөтөл, Кью Эс Си-н асуудал юм байх гээд очсон чинь есөн жилийн өмнө гаргасан замтай холбоотой шийдвэр байж.
Ер нь зохион байгуулалттай ажил болж байна. Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм болж байна. Халдашгүй байдлын дэд хороо асуудалд нухацтай хандах байх" гэжээ.