Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд иргэдийн саналыг цахимаар авч эхэлсэн талаар танилцууллаа. Тодруулбал, өнөөдрөөс /2022.4.15/ зургадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар тус саналыг авна хэмээн мэдээлсэн юм.
“Орон нутгийн хөгжлийн сан” гар утасны аппликэйшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна E-mongolia аппликэйшн болон цахим хуудсаар саналаа өгч болно.
Энэ талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэхдээ "Тухайн дүүрэг, сум, хороонд амьдарч байгаа иргэд төсвийн төлөвлөлтөд шууд оролцдогоор орон нутгийн хөгжлийн сан ач холбогдолтой. Тус сангаас нийслэл, дүүргийн хөгжлийн санд олгосон санхүүжилт 2017 онд 11.8 тэрбум төгрөг байсан бол энэ онд 28.6 тэрбум төгрөг болж өссөн юм.
2021 онд шинэчлэгдэн батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл болон бусад дүүргийн төсөв адилхан 50 хувь болсон. Ингэснээр дүүргүүдийн санхүүжилт нэмэгдэж тэнцүү хэмжээтэй болж байна гэсэн үг. Өмнө нь энэ тоо 70, 30 хувиар хуваарилагддаг байсан" хэмээн хэллээ. Мөн тэрбээр "Иргэдийн зүгээс дүүргийн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт болон зам засвар, автомашины зогсоол байгуулах зэрэг ажлын саналыг хамгийн их илгээдэг. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим асуулгад өргөнөөр идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
"Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн ажил хийх саналыг хамгийн их илгээжээ"
Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөндалай "Орон нутгийн хөгжлийн сангаас 2020 онд 1.7 тэрбум төгрөгийг манай дүүрэгт хуваарилсан байдаг. Улмаар 2021 онд хоёр тэрбум, 2022 онд гурван тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хуваарилагдаж ирсэн. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд камержуулалтын ажил хамгийн их санал авсан байгаа юм.
Манай дүүргийн хэмжээнд энэ онд иргэдээс хамгийн их санал авсан ажил буюу гэрэлтүүлгийг арван хороонд хийхээр төлөвлөж байна. Тухайн дүүргийн санхүүжилтийн мэдээллийг тодруулбал,
- Камер суурилуулах ажил арван хороонд 413.6 сая төгрөг
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтыг 12 хороонд 584.5 сая төгрөгийн ажлыг тус тус хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн автомашины зогсоол болон бусад ажлыг арван хороонд хийнэ гэдгийг мэдээллээ.
"Та өөрийн амьдарч буй орчныг ая тухтай цэгцтэй, хүүхдэд ээлтэй байлгах үүднээс саналаа өгч оролцоорой"
Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо "НЗДТГ-ын зүгээс 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх тухай хүсэлт ирүүлж байсан.
Санал асуулгыг цаасан хэлбэрээр авахад нэг өрх нэг л санал асуулга өгөх боломжтой байсан. Гэтэл тухайн айлд хэдэн ч гишүүн амьдарч болно шүү дээ. Тиймээс иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цахим хэлбэрт шилжүүлсэн.
Сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын насан хүрсэн иргэдийн 96 хувь нь ухаалаг гар утас ашиглаж байна. Тиймээс энэ ухаалаг утсаараа "Орон нутгийн хөгжлийн сан" гэж татаад л саналаа өгөх боломжтой. Та өөрийн амьдарч буй орчныг ая тухтай цэгцтэй, хүүхдэд ээлтэй байлгах үүднээс саналаа өгч оролцоорой хэмээн хүсье" гэлээ.