Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдармаар байна" уриатай тайван жагсаалаар холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагсав. Эцэс нь цагдаа нар хүч хэрэглэн жагсаалыг тараасан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирлээ. Залуусын төлөөлөл Ерөнхий сайдад
-Саатуулагдсан залуусыг нэг цагийн дотор суллах
-Цугласан залуусаас, ард түмнээс уучлалт гуйх
-Жагсаалд оролцсон залуусыг баривчилж, хүний эрх зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох шаардлагыг тавилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жил иргэд, залуус дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. Би та бүхэнтэй адилхан залуу хүн. Амаргүй замыг давж би та бүхний өмнө зогсож байна. Өнөөдөр хамтдаа шийдэл ярих ёстой. Та бүхний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхийн төлөө хичээж байгаа" гэдгийг хэлж, цугласан залуусаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагаа хэллээ.
Мөн "Үнэ өссөн байгаа нь үнэн. Засгийн газар УИХ-д хууль оруулчихсан. Энэ долоо хоногт багтаад батална гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барина. Бид бензин үйлдвэрлэдэггүй учраас амар биш гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр бүх үнийг төр зохицуулдаг бодлоо 1990 оноос өмнө л байсан. Тэр үе рүүгээ буцаж болохгүй. Гэхдээ үнэ буулгахын төлөө чадах бүх зүйлийг хийх болно гэдгийг амлаж байна. Энэ бүхэн тийм амар биш шүү. Засгийн газар ид шидтэн биш шүү гэдгийг ойлгох ёстой" гэлээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзаж санал, шаардлагыг нь сонслоо. Тэрээр иргэдийн асуултад хариулж дараах есөн амлалт өгөв.
Үүнд:
- Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
- Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй
- Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтарч ажиллаж болно.
- Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагыг хүлээж аваад зөвхөн тэр шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
- Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Ордонд хүч мөхөствөл иргэдэд асуудлыг бодитойгоор мэдэгдэнэ. Худлаа ярихгүй. Чадаж байгаа болоод чадахгүй байгаагаа үнэнээр хэлнэ.
- Ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагт /дөрөвдүгээр сарын 13-нд/ Засгийн газрын хурлаар оруулаад УИХ-д өргөн барина.
- УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
- 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглав
- Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан УИХ-д өргөн барьсан хууль батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.