Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр...
хэмээн яруу найрагч Р.Чойномын шүлэг санаанд бууна. Тиймээ, бид үнэхээр л жаргалтай үедээ амьдралыг аз жаргалаар төсөөлж, зовсон үедээ там мэт харж хараах нь энүүхэнд шүү дээ. Гэвч эрээнтэй бараантай амьдрал ээлжилж, хүмүүний амьдрал хүсэл нь хяслаар хязгаарлагддаг нь жам юм даа. Сайнтай муутай, саартай, сааралтай “Монголын нэг өдөр” ийнхүү шувтарч байна. Нийслэл маань нүүрсний утаандаа сааралтаж, нийгэм маань саар мэдээндээ хахаж байгаа энэ үед сайн мэдээ дуулгаж, сайхныг түгээж байгаа тэдэндээ баярлаад ханашгүй нь. Эх үр хоёр хамтдаа эндсэн харамсалтай мэдээг энэ өдөр дууллаа. Эх орны минь сайхан хөвгүүдийн нэг С.Зоригийн эхнэр хар тамхитай холбогдлоо. Суллагдсан Ц.Мөнхбаяр гэнэт “баяжиж”, сонгогдсон Мисс маань монгол гоо үзэсгэлэнг дэлхийд таниулахаар ширүүхэн өрсөлдөж байна. Ингээд өнөөдөр болсон үйл явдлын тоймыг багцлан хүргэе.
“Эрдэнэс Тавантолгой” асуудал олны анхааралд байгаа. Гэвч энэ компанийн экс удирдлага болж өнгөрсөн үйл явдлыг өөрсдөөсөө холдуулахыг яаравчилж байна. Учир нь Оюутолгой компани 300 ажилчнаа зэрэг халж байхад 200 ажилтан хятад компанид шилжүүлэхийн төлөө юун сүртэй юм гэх утгатай ярилцлага өгч энэ нь сүүлийн долоо хоногт хэвлэлийн хуудаснаас салсангүй. Магадгүй хууль хяналтынхан С.Эрдэнийг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр тус компанийн нэр бүхий хүмүүсийг шалгаад эхэлчихсэн. Үүнд эмзэглэв үү эсвэл үнэхээр нэрээ сэвтээхийг хүссэнгүй юу экс захирал Б.Батбилэг “Би буруугүй” хэмээн тоть шиг давтсаар... Энд дарж мэдээллийн дэлгэрэнгүйг уншаарай...
Иргэдийн амьдрал 100 гр тос, нэг кг гурил дээр л тогтож байгааг манай сэтгүүлч сурвалжилжээ. Өнгөрсөн жил 1 сая төгрөгийн орлоготой байсан дэлгүүрүүд хаалгаа барихад хүрч, зээлнээс зээлний хооронд арай ядан тогтож байгааг худалдагчид ярьсан байна. Эдийн засагчид ирэх жилийн илүү хүнд болно хэмээн анхааруулаад байгаа. Гэтэл хоногийн хоолоо арай хийж залгуулж байгаа иргэд яах бол... Наранцэцэгийн тос граммлаж, гурилыг кг –аар худалдан авч буй иргэдийн амьдрал
Монголчуудыг хэтэрхий их баяр тэмдэглэдэг гэдэг. Гэхдээ тэмдэглэхгүй байхын аргагүй баяруудын нэг бол яах аргагүй шинэ жил. Сайхан дурсамж үлдээж, сайн сайхныг бэлэгдсэн энэ баярын нэгээхэн хэсэг нь Сүлд мод. Манай сэтгүүлч сүлд модны үнэ ханшийг судалжээ. Хамгийн хачирхалтай нь 13 сая төгрөгийн үнэтэй сүлд мод хүртэл байна... Машины үнэтэй Сүлд мод
Энэ өдрийн дуулиан
Өнөөдрийн хамгийн их сэтгэл эмзэглүүл-сэн мэдээлэл нь эх үр хамтдаа эндсэн гэх. Эх оронд минь иргэн нь болж, ээждээ үр нь болж мэндлэх гэж тэд хамтдаа хорвоогоос хальжээ. Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд ийм хэрэг гарсан байна. 27 настай эмэгтэй амаржих гэж очсон ч эмч нарын хайхрамжгүй байдлаас болж төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан байж магадгүй байна. Монголын эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтээд байгаа нь үнэн. Ялангуяа төрөхийн эмч нарын ааш авир, авлигын талаар дуулаагүй хүн ховор биз хэмээн халаглаж суутал аюулт өвчний улмаас эхнэрээ алдсан дуучин Дэлгэрмөрөнгийн талийгаач эхнэрийн захидал сэтгэл бүр шимшрүүлж орхив. Хүнд өвчтэйгээ мэдсэн тэр үед эхнэр нь таван сартай жирэмсэн байжээ. “Бидэн хоёр хэвлийдээ байгаа үрээ Үүлэн-Гэгээ хэмээн нэрлэх байсан юм” гэх шаналал дүүрэн захиадал өнөөдөр цахим ертөнцийг донсолголоо.
- Энэ өдөр Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээснээ бахархалтайгаар зарлав. Учир нь түүнийг гүтгэсэн гэх “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж нэр төрд нь халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөгийг тус бүр бэлнээр өгч, уучлалт гуйсан байна.
- Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан, саатуулсан талаар нууцалж байгаа бөгөөд “маш нууц” ангилалд хамаарч байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа ч зарим нь түүнийг хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан гэлээ. Гэхдээ энэ мэдээллийг цагдаагийнхан үгүйсгэлээ.
Энэ өдрийн чухал мэдээллийг хүргэе
- Нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. “Улаанбаатар смарт карт” компаниас картын хэрэглээг түлхүү нэвтрүүлэхийн тулд картаа аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан байна.
- "Нарантуул" олон улсын худалдааны төвийн өргөтгөл дэх чингэлэгт үр зулбуулах эм зарж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэний дагуу тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шалгалт хийхэд 33 настай эмэгтэй "iprofie", "Misoprostol" зэрэг үр зулбуулах эмүүдийг хууль бусаар худалдаалж байсан нь илэрсэн байна.
- Эрүүл мэндийн даатгалд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон тодорхой ажилгүй иргэд сард 670, жилд 8040 төгрөг төлдөг байсан. Тэгвэл 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн энэхүү шимтгэл гурав дахин нэмэгдэж 1920 төгрөг болжээ.
- Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зориглоор хог хаягдлын талаарх гомдлыг хүлээн авч эхэлжээ. Шуурхай утас 11-11 -р гомдлыг хүлээн авахаас гадна тухайн хорооны хог тээврийн үйлчилгээний компаниуд зөрчил гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.
Өнөөдрийн дуулгах мэдээлэл: Дэлхийд монгол
- 2015 оны 11-р сарын байдлаар гадаадын 13 улсад 107 Монгол иргэн ял эдэлж, 193 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаад байна.
- Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нар монголчууд гадныхны нүдэнд хэрхэн харагддаг талаар судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан гадаадын иргэд “Монголчууд үрэлгэн. Тэд гэр бүлээ эдийн засгийн хувьд эрсдэлд оруулж байгаад ч хамаагүй орлогоосоо давсан өндөр үнэтэй брэнд бүтээгдэхүүн худалдаж авдаг. Ийм амьдралын хэв маягтай ард түмэн дэлхийд Монголоос өөр байхгүй" гэдгийг онцолжээ.
- Өнөөдрийн байдлаар манай 35,000 орчим иргэн БНСУ-д оршин сууж байгаа гэсэн албан бус тоо байгаа тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Учир нь БНСУ-ын элчин 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн визний нөхцөлөө хөнгөвчилсөнтэй холбоотойгоор тус улсад зорчих Монгол иргэдийн тоо нэмэгджээ. 2015 оны дөрөвдүгээр сараас өмнө сард 10 орчим иргэн визний хугацаагаа хэтрүүлдэг байсан бол өнгөрсөн сарын байдлаар 270 орчим иргэн Солонгост очоод визний хугацаагаа хэтрүүлсэн байна.
- Австралийн Сидней хотноо гэмт хэрэгт холбогдсон хоёр Монгол залуугийн хоёр дахь шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 19-ний өдөр болсон. Энэ хурлаас манай хоёр иргэнийг тухайн хэрэгт буруутгах хангалттай нотолгоо байхгүй тул үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан байна. Дараагийн шатны шүүх хурал одоохондоо товлогдоогүй байна.
- Малайз улсын улсын анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон юм. Одоо дээд шүүхийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх аж. Н.Золзаяагийн хэрэгт холбогдуулсан давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 26-нд буюу нөгөөдөр болно.
- Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр орчуулга хийсэн БНХАУ-д амьдардаг монгол эрдэмтэн амиа хорлож нас барсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл байгаа. Харин энэ талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас үгүйсгэлээ. Тэр хүний амиа алдсан мэдээллийг Ерөнхийлөгчийн айлчлалтай холбож ташаа мэдээлэл гаргасан байна гэлээ.
Чихэнд чимэгтэй сайхан мэдээ:
- Австри Улсын Вена хотноо болж буй “Эх дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм. Одоогийн байдлаар Монголын оролцогч олон нийтийн санал асуулгаар 3-рт бичигдэж байна. Тэрбээр уг тэмцээний үдшийн гоёлын даашинзаар тэргүүлж, авъяасын үзүүлбэрээр шилдэг 12-т багтсан юм.
- Мальт улсад 5 дахь удаагаа явагдсан олон улсын шатрын нээлттэй тэмцээнд 31 орны 200 шатарчин оролцсоноос манай улсын Олон Улсын Шатрын Холбооны хамгийн өндөр рейтингтэй шатарчин Их мастер Б.Гүндаваа есөн өрөг тоглосноос 7 хожиж 2 тэнцэж 8 оноогоор түрүүллээ.
- Элэгний С Вирусын эмчилгээний талаар анагаах ухааны доктор Ж.Амарсанаа "Манай улс элэгний вирусын ЭМЧИЛГЭЭГЭЭР дэлхийн дээд түвшинд хүрчихсэн" хэмээн мэдэгдлээ.
- Ч.Мөнгөндалай дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа.