Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын зүүн эрэгт үүссэн халиа тошинг хэрхэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Р.Баянжаргалтай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ:
-2016-2020 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд халиа тошингийн байдал маш хүнд байсан. Дүүргийн 2, 4, 5, 7, 9, 12, 17, 21, 23 дугаар хорооны нутагт халиа тошин их хэмжээгээр үүсэж, ялангуяа 2018-2021 онд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж байж халиа тошинг арилгах ажлыг хийж байсан. Энэ жилийн хувьд байгаль дэлхийн онцлогоос хамаарч байдал өмнөх жилээс харьцангуй гайгүй байна. Ялангуяа дүүргийн 23 дугаар хорооны нутагт Баатархайрханы баруун талын Олон булаг оргилж их хэмжээний газар нутагт халиа тошин үүсгэдэг байсан бол энэ жил их эрт арванхоёрдугаар сард хөлдсөн. Мөн дүүргийн 4,5 дугаар хорооны булаг хөлдөж оргилоогүй. Харин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын дагуух айлууд усанд автах нөхцөл үүсээд байна. Одоогоор аюултай хэмжээнд хүрээгүй хэдий ч голын баринтаг тавигдаад, мөс гэсээд ирэхээр хүндрэл үүсэх магадлалтай. Байгалийн зүй тогтлоос шалтгаалаад булаг шанд оргилоогүй ч голын эрэг дагуух өрхүүд усанд автахыг үгүйсгэх аргагүй.
-Халиа тошинг арилгаж, айл өрхийн амьдрах боломжтой нөхцөл бий болгохын тулд жилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулдаг вэ?
-Манай дүүргийн тухайд 2020 онд 81 сая төгрөг, 2021 онд 51 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгө айлуудын хашаа, гэр байшин усанд автахаас сэргийлэхийн тулд зориулалтын техник, механизм дайчлах түрээслэн ажиллахад зориулагддаг гэсэн үг. Энэ жилийн хувьд 14 дүгээр хорооны нутаг СЭМҮТ-ийн саарал уснаас үүдсэн дошинг арилгах ажилд дүүргийн ТҮК болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн ажилтнуудыг дайчлан ажиллуулсан.
Энэ жил Сэлбэ голын зүүн эрэг дагуу далан байгуулах, иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо зөв сонгох шаардлагатай байна. Голын сав газар, эрэг дагуу, гуу жалга, усны голдиролтой газарт буучихаад дараа нь төр, орон нутгийн байгууллагыг буруутгах болон жил бүр улсын хөрөнгө гаргаж халиа тошин арилгахыг шаардах нь учир дутагдалтай санагддаг. Татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж буйн нэг хэлбэр шүү дээ. Цаашид голын ай сав, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд суурьшуулах ажил хамгийн чухал гэлээ.
Жилийн жилд үерт автаж, халиа тошин үүсдэг газарт айл өрхүүд нутагласаар байгаа юм. Тэдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад сэтгэл зовнидоггүйн дээр ус урсах суваг шуудуу гаргах, элстэй шуудай тавих зэргээр гэр байшингаа хамгаалахад анхаардаггүй гэнэ. Иргэд өөрсдөө санаачилгатай байвал амьдрах нөхцөлөө сайжруулж болдог гэдгийг Сэлбийн 7, 8 дугаар гудамжинд нутагласан айл өрхүүдийн жишээ харуулж байна. Тэдгээр айл барилга барьж буй аж ахуйн нэгж, байгууллагаас шороо авч буулган далан үүсгэсэн тул энэ жилийн хувьд усанд автаагүй хаваржиж буй аж.
Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 11 дүгээр гудамжинд халиа тошин үүсгэдэг булгийн усыг зайлуулах суваг, дренажийг бий болгосноор тухайн орчмын айл өрхүүд ая тухтай өвөлжиж, хаваржих болжээ. Энэ мэт сайн жишээ цөөнгүй ч саар жишээ ч мундахгүй.
Ноднин жил гэр нь усанд автаж, зурагт хөргөгч нь тэр чигтээ мөсөнд барьцалдсан нэгэн айлын тухай мэдээлэл цахим орчин болоод телевизээр цацагдсан. Тэрхүү айл энэ жил ч нөгөө л сууриндаа амьдарч байлаа. Усны халиа үерийн ус шиг гэнэт их хэмжээгээр үүсдэггүй бөгөөд хоногт 1.5-2 см-ээр нэмэгддэг гэнэ. Тиймээс тухайн айлын хувьд голын халиа гэр дүүргэх хэмжээнд хүртэл хүлээх бус эд хогшлоо нүүлгэх, өөр газарт шилжин суурьших боломж байсан гэдгийг тодотгож байлаа. Автомашин засвар хувиараа ажиллуулдаг нэгэн иргэний ойр орчимдоо тарьсан хог, машины сэгийг та бүхэн харж байна. Хүн бүхэн амьдарч буй орчноо эрүүл аюулгүй байлгахад анхаарч, багахан ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргавал нийслэлийн харьяа алба агентлагийн зүгээс дэмжиж, шаардлагатай тусыг үзүүлэхэд бэлэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн голын хөрсний усны нэвчилттэй болон голын ай сав газарт амьдарч буй айл өрхүүдийн бохирын цооног, жорлон нь усаар дүүрч хальснаас халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрддэг нь хамгийн эрсдэлтэй юм.